Хууль хэрэгжүүлэх ёстой Монополын эсрэг газрынхны нүд нь сохроогүй байлтай
Эрхэм таны нүдний өмнөх элдэв байгууллагын хаяг, зар сурталчилгааны самбар, сэрэмжлүүлэх хуудас, уншиж буй ном, сонин, сэтгүүл, зурагт хуудас дүүрэн үг, үсэг, утга найруулгын алдаа дурайж байгаа ч үл ойшоон өнгөрдөг нь лавтай.
Олон жилийн өмнөөс эхэлсэн боловсролын “терроризм”-ын үр дүнд эх хэлээрээ зөв бичдэг хүн ховордож, шинэ үеийн залуус богино зурвас (мессеж)-аа цөөн тэмдэгтэд багтаан бичихдээ монгол хэлээ “алж”, гадаадад сурснаа гайхуулах гэсэн нөхөд төрөлх хэлээ “эрлийзжүүлэх” болсон. Аливаа байгууллагын хэвлэлд зориулсан мэдээ, цагдаагийн мөрдөгчдийн мэдүүлгийн болон шүүх хуралдааны тэмдэглэл гээд алдаатай бичсэн албан бичиг захаас аван бий. Энэ бүхэн өмнө дурдсан явдлаас үүдэлтэй. Үүнд хэн хяналт тавих ёстой вэ гэсэн асуулт урган гарах нь зүй ёсных.
УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 12-нд баталж, тухайн жилийн долоодугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Монгол хэлний тухай хууль гэж бий. Үүний 21 дүгээр зүйлд зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх үндсэн үүрэг бүхий Хэлний бодлогын үндэсний зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ ажиллана” гэжээ.
Уг зөвлөл нь монгол хэл, бичиг үсгийг хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэхтэй холбоотой бодлого боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан, дүгнэлт гаргасан кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг хэлэлцэн батлах, гадаад нэр томьёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томьёог хэлэлцэн батлах, газар нутаг, гудамж, зам, талбайд гадаад нэр оноох, эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргаж нутгийн өөрөө удирдах байгууллагад илгээх, монгол хэл, бичиг үсгийн хэрэглээг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлыг хэрэгжүүлэх үүрэгтэй байхаар хуульчилжээ. Дээрх хуулийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь батлан гаргаж, мөрдүүлж буй. Гэтэл гишүүд нь ажлаа хийдэггүй юм уу, эсвэл хууль, энэ зөвлөлөөс гаргасан уг журамласан толийн өмнөх үг, бусад бичвэрийг хянан тохиолдуулах ажиллагаа хангалтгүй байсных уу, кирилл гэдэг үгийг янз бүрээр биччихсэн байна.
Тухайлбал, дээрх хуулийн 21.7.4-д “Энэ хуулийн 22.1-д заасан эрх бүхий судалгааны байгууллагын дүгнэлтэд үндэслэн кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрмийн, үгийн сангийн болон бусад холбогдох толь бичгийг хэлэлцэн батлах” гэжээ. Гэтэл энэ журамласан тольд кирил гэдэг үгийг хэрхэн бичих нь байхгүй.
Харин уг журамласан толийг мөрдөж хэвшүүлэх тухай Ерөнхийлөгч Х.Баттулгын уриалгад “Энэхүү толь нь 38000 үгийг багтааснаас гадна нэр үг, үйл үгийн хувилал, түгээмэл хэрэглэгддэг 1000 гадаад үг, дэлхийн улс орнуудын болон нийслэлийн нэрийг кирилл үсгээр хэрхэн бичих журмыг шинээр тогтоосон дорвитой бүтээл болжээ” хэмээн дурдсан юм. Үүнд кирил гэдэг үг хоёр Л үсэгтэй байгаа биз.
Тэгэхээр Монгол хэлний тухай хуульд зааснаар кирил гэж бичих үү, эсвэл Ерөнхийлөгчийн уриалгад дурдсанчлан кирилл гэж бичих үү гэсэн эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байгаа юм.
Монгол хэлний тухай хуулийн 20.2.1-т зааснаар “Монгол хэлний хэм хэмжээг дагаж мөрдөх” нь иргэн бүрийн журамт үүрэг. Хуульдаа нэг өөрөөр бичээд, хаяг, шошго, уриалгадаа өөрөөр бичиж буй нь үүргээ биелүүлж байгаа хэлбэр мөн үү. Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хаяг Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольтой нийцэхгүй байгаа нь олон.
Тухайлбал, Тасганы овооноос “Баянбүрд”-ийн тойрог руу уруудах замд “Төрийн орон сууцны корпораци” гэсэн хаяг бүхий байшин бий. Орон сууцын зээл шийдвэрлэдэг энэ байгууллагын хаяг алдаатай хэвээрээ маш удаж буй. Журамласан тольд заасны дагуу сууцын, корпорац гэж бичих ёстой. Саяхан нийслэлийн МАН-ын тэргүүлэгчээр томилогдсон М.Говьсайханы удирддаг “Нийслэлийн орон сууцны корпораци”, Худалдаа, хөгжлийн банкны эцсийн өмчлөгч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий хүмүүс ажиллуулдаг “Монголын ипотекийн корпораци”-д ч ялгаагүй журамласан толь үйлчлэх ёстой.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, нийслэлийн Захирагчийн ажлын албаны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Геодези, усны барилга байгууламжийн газар хэмээх байгууллагын хаяг, нэршил мөн л Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд зааснаас өөрөөр бичсэн байдаг. Эл тольд геодез хэмээн бичихээр журамласан юм. Төрийн тэргүүнийхээ айлчлалын талаарх мэдээллийг дагуулж авч явсан телевизийн суваг, цахим хуудсууд нь алдаатай бичиж байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийнхөн ажлаа хийж байна гэж үзэх үү.
Монгол хэлний тухай хуулийн 21.7.9-д “Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага монгол хэлний хэм хэмжээг баримталж байгаа, эсэхэд хяналт тавьж, дүгнэлт гаргах” гэж заасан. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө айлчилсан улсыг зурагт, цахим хуудсуудад “Казакстан” гээд бичсэнийг хараагүй юм шиг л өнгөрөөх үү. Журамласан толийн “Улс орны нэр” гэсэн хэсэгт “Бүгд Найрамдах Казахстан Улс-Казахстан” хэмээн бичнэ гэж заачихсан байгаа шүү дээ.
Үүгээр тогтохгүй олон алдаа цахим хуудсууд, зурагтаар гарч байхад Хэлний бодлогын үндэсний зөвлөл, хууль хэрэгжүүлэх ёстой Монополын эсрэг газрынхан хараагүй, мэдээгүй юм шиг суудаг. Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэр, албан даалгавар, тэдгээрийг дагалдуулсан журам, дүрмийн үгийг журамласан толио баримтлан бичих ёстой баймаар. Тийм атлаа өдөр тутмын сонин руу элдэв албан бичиг илгээж, хууль хэрэгжүүл хэмээх нь нэг бус.
Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл цахим хуудсууд, зурагтын сувгууд, элдэв байгууллагын алдаатай мэдээлэл, хаягийг засаж залруулах талаар ямар нэг арга хэмжээ авдаггүй нь хачирхалтай. Монгол хэлний тухай хуулийн 18.1.1-д “Энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх үүргийг хэрэглэгчийн эрхийг хамгаалах төрийн захиргааны байгууллага хүлээнэ” гэж хуульчилсан. Хуучнаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө хэмээн нэрийдэж байсан, өдгөө Монополын эсрэг газар болсон уг байгууллагын цахим хуудсанд хяналт тавих хууль эрх зүйн актуудаа жагсаасан нь бий. Түүний зургаадугаарт Монгол хэлний тухай хууль байгаа юм. Тус байгууллага эл хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой ч сохорчихоогүй байлтай.
Хууль мөрдүүлэх үүргээ хэрэгжүүлэхийн тулд гудамжаар алхаад үзээрэй, Монополын эсрэг газрын ажилтнууд аа.
Гадаад харилцааны яамны баруун хойд уулзварт “Энхтайваны”, “Зориг сан”-гийн байранд “Энхтайвны өргөн чөлөө” гэсэн хаяг бий. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн замын эсрэг талд “Бурханы шашны их хөлгөний ном, бясалгалын төв” гэсэн хаягтай байшин байна. Журамласан тольд “бурхны” хэмээн бичихээр тусгасан. Энэ байрнаас баруун тийш тав алхаад “Эрдэнэ” дарханы багаж, хэрэгсэл гэсэн хаягтай дэлгүүр оршино. Монгол хэлний зөв бичих дүрмийн дагуу энэ үгэнд орсон балархай А гээгдэж, “Дархны” гэж бичих ёстой аж. Хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлж, хөгжмийн дээд боловсрол олгодог хуучнаар Хөгжим бүжгийн сургуулийг Монгол Улсын Консерватор гэж нэрийдсээр нэлээд удаж буй. Консерватор гэдэг үгэнд харьяалах, заахын тийн ялгалын нөхцөл залгахдаа дээрх тольд заасны дагуу +ын, +ыг бичиж, консерваторын хэмээхээр тусгаж. Тэгвэл тус сургуулийн албан ёсны цахим хуудсанд захирал Ц.Шаравцэрэнгийнх нь мэндчилгээнд Монгол Улсын Консерваторийн, консерватори болж, консерваториудтай хэмээн бичсэн байгаа юм. Түүгээр ч үл барам гаднах хаягтаа зөв, буруу бичээд зэрэгцүүлжээ. Нийтийн тээврийн автобуснуудыг сурталчилгааны явдаг самбар болгохын зэрэгцээ дотор нь иргэдэд хандсан сануулга, сэрэмжлүүлэг хэвлэж наасан байдаг. Тэдгээр нь маш их алдаатай. Зөв бичгийн дүрэмд тоормослох хэмээн заасан байхад “Тормолзлох, тормозлох” гэж бичсэн сануулга бүхий автобус олон явж буй билээ. Мөн эрсдэлийн гэдэг үгийн балархай эгшгийг зэрэгцээ наасан хуудсанд гээж нэг бичээд, гээлгүй бас бичсэн нь байдаг.
Энэ мэт алдаатай, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан тольд заасныг зөрчсөн хаягтай байгууллага олон. Тэнд ажилладаг хүмүүс нь ч манайх албан ёсоор ингэж бичдэг хэмээн Монгол хэлний тухай хууль зөрчиж буйгаа үл ойшоон мэтгэлцмэр аядах нь олон. Үүнийг нэг мөр цэгцлэх ажлаа дээрх зөвлөл, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой Монополын эсрэг газар зохих ёсоор ажлаа хэзээ хийх вэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.