Египетэд могойтой үзүүлбэрийн үеэр Германы жуулчин амиа алджээ
Египетийн Улаан тэнгисийн эрэгт байрлах алдартай амралтын бүс болох Хургада хотод Германы 57 настай жуулчин могойд хатгуулсны улмаас амиа алдсан ноцтой хэрэг гарчээ.
Уг үйл явдал 2026 оны дөрөвдүгээр сарын эхээр зочид буудлын цэнгээнт үзүүлбэрийн үеэр болсон бөгөөд талийгаач гэр бүлийн хоёр гишүүний хамт амарч байжээ.
Жуулчин эр гэр бүлийнхний хамт зочид буудлын хөтөлбөрт багтсан могой сургагчийн үзүүлбэрийг үзэж сонирхож байв. Үзүүлбэрт хоёр могой ашигласан бөгөөд эрх баригчид үүнийг кобра могой байсан гэж таамаглаж байна. Германы Бавари мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, могой сургагч үзэгчдийн хүзүүгээр могойгоо ороож тоглуулж байсан аж. Гэвч сургагч нэг могойг 57 настай жуулчны өмд рүү оруулснаар хөл рүү нь хатгажээ.
Могойд хатгуулсан даруйд хохирогчид хордлогын шинж тэмдэг хүчтэй илэрч, биеийн байдал нь огцом муудсан байна. Онцгой байдлын аврагчид яаралтай анхны тусламж үзүүлж, хэргийн газарт зүрх, уушгины сэхээн амьдруулах арга хэмжээ авсны дараа орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Гэвч эмч нар бүхий л шаардлагатай арга хэмжээг авсан хэдий ч жуулчин эр эмнэлэгт очоод удалгүй амьсгал хураасан байна.
Амь үрэгдсэн иргэн нь Германы Бавари мужийн Унтераллгау дүүргийн харьяат байсан тул тус улсын цагдаа, прокурорын байгууллагаас албан ёсны мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Одоогоор Бавари дахь Мемминген хотын эрүүгийн цагдаагийн газар хэргийг шалгаж байгаа бөгөөд эмнэлгийн нарийвчилсан дүгнэлтийг баталгаажуулахын тулд хор судлалын шинжилгээний хариуг хүлээж байна. Сонирхолтой нь, хэвлэл мэдээллийнхэн энэ хэргийн талаар Египетийн эрх баригчидтай анх холбогдоход тэд юу болсон талаар хараахан мэдээлэлгүй байсан гэдгээ мэдэгджээ.
Хургада нь дэлхийн өнцөг булан бүрээс амрагчид олноор зорьдог томоохон аялал жуулчлалын бүс хэдий ч сүүлийн жилүүдэд жуулчдын амь нас эрсэдсэн хэд хэдэн ноцтой осол гарсан юм.
Тухайлбал, 2023 болон 2024 онд тус бүс нутгийн далайн эрэг орчимд Орос, Италийн хоёр жуулчин аварга загасанд хазуулж амиа алдсан бол 2025 оны гуравдугаар сард аялал жуулчлалын шумбагч онгоц живж, Оросын зургаан иргэн амь үрэгдсэн байна. Эдгээр үйл явдлууд болон энэ удаагийн могойд хатгуулсан хэрэг нь тус улсын аялал жуулчлалын салбар дахь аюулгүй байдлын стандартыг эргэн харах шаардлагатайг харуулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.