🔴А.Баяр: Би ажлаа хийж байгаа учраас өнөөдөр ажлын байран дээрээ мэдээлэл хийж байна

Хуулинд зааснаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг НИТХ-ын дарга удирдаж явуулаагүй учир "Өчигдөр болсон хуралдаан хүчин төгөлдөр биш" гэж НИТХ-ын дарга А.Баяр мэдэгдэв.

НИТХ-ын дарга А.Баяр: 

-Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгдсэнээр гэмт хэргийн гаралт буурсан. Өмнө нь ийм буурсан үзүүүлэлт гарч байгаагүй.

НИТХ-ын зөвлөлийн байгууллагын шилэн данс ил тод байгаа. Би шилэн данснаас айдаггүй. Нийслэлийн гэмт хэргийн зөвлөл анх удаа ажлаа нээлттэй хэлэлцсэн. Би иргэдтэй хамгийн ойр ажилладаг. Иргэдээс маш олон мэдээлэл ирдэг. Би хурлын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргаж байна.

Мега төслүүдийн мөнгөн дүн, шалгарсан компани, холбоо хамаарал, ажлын явцыг шалгах ажлын хэсэг байгуулж байна. Мега төсөл үү, мега хулгай юу гэдэг нь ил тод болох ёстой. Үүнд МАН, АН хоёр намын төлөөллүүдийг оруулна. 

Үндэсний эв нэгдлээс илүү зүйл гэж байхгүй. Монгол Улсыг хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг хүний хувьд хэлэхэд сошиалаар хүнийг ялладаг ажлын хэсэг байхгүй болох ёстой. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй залуу олон байгаа. Энэ залуучууд руугаа Х.Нямбаатар нулимж болохгүй. Харин хамтарч ажиллах хэрэгтэй. Гэмт хэргийн 24 хувь буурсан. Скүүтер, мопед дээр бүрэн хяналт тавьж байгаа. Соён гэгээрүүлэх ажлууд маш их хийгдэж байгаа нь бид бүгд иргэдтэйгээ хамтран ажиллах ажлын хүрээнд хийгдэж байгаа ажлууд. 

Надад Туулын хурдны замыг дэмжиж, НИТХ-аар хэлэлцүүлж тогтоол гарга гэсэн дарамт, шахалт ирсэн. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд бүх ажлаа хийгээд явах боломжтой. Гэтэл ганцхан санаархал нь Туулын хурдны замын ажлаа хэлэлцүүлж, батлуулахын тулд энэ хурлаа хийхээр дайрсан. Иргэд нь эсрэг байр суурьтай байхад шүү дээ.

Туулын хурдны замын ажлыг шийдэж нэг талд нь гаргана. Аль ч талаас нь аваад үзэхэд хуралдаан болоогүй учраас хурлын дэгийн дагуу асуудлыг шийдвэрлэх ёстой. Хурлын зөвлөлийг хурлын даргын санаачилгын дагуу зохион байгуулдаг. Гэтэл хуулийн заалтаараа ч энэ хууль бус хурал. Өчигдөр төрийн албаны ёс зүйг зөрчиж хууль бус хурал хийсэн. Холбогдох албан тушаалтнууд хууль бус хурал хийж байгаагаа мэдсээр байж хурал хийсэн нь ёс зүйгүй үйлдэл. Би тухайн хүмүүст сахилгын арга хэмжээ авч төрийн албанаас халах шийтгэл ногдуулснаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Хурдны зам Монголд хэрэгтэй. Мега төслүүд ч хэрэгтэй. Гэхдээ иргэдийн санал бодол сонсож, судалгаа шинжилгээнд тулгуурлаж, иргэдэд бүх талын мэдээллээ өгөх ёстой. Албаныхан ч мэдээлэл авах боломжоор хангаагүй. 

Намайг "шашны үйл ажиллагаа явуулдаг" гэж Х.Нямбаатар дарга яриад байгаа. Миний хувьд байгалиа шүтдэг. Нүгэл ихтийн, сүжиг их гэгчээр өөрөө л тийм янз бүрийн юм хийдэг юм болов уу гэж бодож байна. Монголчууд байгаль эх дэлхийгээ шүтэж явдаг учраас хоорондоо их эв нэгдэлтэй байдаг. Мөн тэр хүн иргэдийнхээ эсрэг жагсаад явж болохгүй. 

Би хов живээр ажил хийдэггүй. Төрийн ажил гэдэг бол иргэдийнхээ талд байж шийдэл, ярьж мэтгэлцэж асуудлыг нь шийдвэрлэхийн төлөө ажилладаг. НИТХ-ын дарга эв нэгдлийг хангсан, иргэдийг төлөөлөх эрхтэй хүн байх ёстой. Иргэдийн төлж буй татварын мөнгийг зөв захиран зарцуулах ёстой. 

Дараагийн НИТХ-ын ээлжит хуралдааныг хоёрдугаар улиралдаа багтааж хийх боломжтой гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Нянбаатараа 4 минут
Нямбаатар ийм зүйл ярьсан бол троллууд нь зөв хүн нтр гээд баахан бичвэр бичээд л ил далд магтаад сүйд болдог. Гэтэл энэ хүний ярилцлага дээр нэг ч коммент үг үсэг алга. Тэгэхээр энэ хүн бол иргэдийн төлөөлөл болох хүн гэсэн үг. Ийм л ялгаа засаг ноёнд байна даа.