Сингапурт шүүсний автомат машины соруул долоосон франц оюутанд ял төлөвлөжээ
Сингапур улсад олон нийтийн газар зүй зохисгүй үйлдэл гаргаж, түүнийгээ цахим сүлжээнд нийтэлсэн 18 настай Францын иргэн Дидье Гаспард Оуэн Максимилиенд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Тэрээр өнгөрсөн сард Томсон Роуд дахь "Goldhill" худалдааны төвд байрлах "iJooz" брэндийн жүржийн шүүс түгээгч машины соруулыг долоож, буцаагаад хийж буй бичлэгээ цахим орчинд түгээсний улмаас танхайрсан болон олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр шүүхэд дуудагдаад байна.
Уг хэрэг 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 14:00 цагийн орчимд гарсан бөгөөд сэжигтэн залуу бичлэгээ Snapchat аппликейшн ашиглан эвлүүлж, Instagram хуудсандаа "Хот аюулгүй биш байна" гэсэн тайлбартайгаар нийтэлжээ. Түүний энэ үйлдэл цахим сүлжээнд хурдацтай тархаж, Сингапурын иргэдийн дунд ихээхэн бухимдал, жигшлийг төрүүлсэн юм.
Максимилиен нь Сингапурт оюутны визээр ганцаараа амьдардаг бөгөөд "ESSEC" бизнесийн сургуулийн салбарт суралцдаг аж. Олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэл өрнөсний дараа тус сургуулийн захиргаа хэргийн талаар мэдэгдэл хийж, дотоод сахилгын шалгалт эхлүүлснээ зарласан байна.
Жүржийн шүүс түгээгч машиныг эзэмшигч "iJooz" компани гуравдугаар сарын 24-нд уг бичлэгийн талаар олж мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс компани яаралтай ариутгалын протоколыг хэрэгжүүлж, уг төхөөрөмжийг бүрэн цэвэрлэж халдваргүйжүүлсэн байна. Түүнчлэн машин дотор байсан 5 сингапур доллар буюу 3.90 ам.долларын үнэ бүхий 500 ширхэг соруулыг бүхэлд нь устгаж, шинээр сольжээ.
Сэжигтэн Максимилиенийг дөрөвдүгээр сарын 24-ний баасан гарагт Сингапурын дүүргийн шүүхэд албан ёсоор яллагдагчаар татсан байна. Прокуроруудын зүгээс түүнийг "iJooz" компанид санаатайгаар хохирол учруулсан гэж үзэж байгаа бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хоёр жил хүртэлх хугацаагаар хорих, торгох, эсвэл хоёуланг нь давхардуулан оноох ялтай. Мөн, олон нийтийн дургүйцлийг хүргэхээ мэдсээр байж бичлэгээ зориуд нийтэлсэн тул олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэргээр нэмэлтээр гурван сар хүртэлх хугацаагаар хорих болон торгох ял төлөвлөөд байна.
Одоогоор шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эсэхээ албан ёсоор мэдэгдээгүй байна. Шүүхээс түүний батлан даалтын хэмжээг 5,000 сингапур доллароор тогтоосныг сургуулийнх нь төлөөлөгч төлж, суллажээ. Шүүхийн бүртгэлээс харахад, түүний эцэг эх хуулийн үйл явцын үеэр хүүгээ дэмжихээр Францаас Сингапурт хүрэлцэн ирсэн байна.
Максимилиений дараагийн шүүх хурал 2026 оны тавдугаар сарын 22-нд товлогджээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.