Ганц нам гал болдоггүй Ганц нам бүтээн байгуулдаггүй

Ганц нам гал болдоггүй Ганц нам бүтээн байгуулдаггүй

Зах зээлийн системд шилжсэнээс хойших 36 жилийн түүхийг том зургаар харвал намууд хамтарсан үед л томоохон төсөл, хөтөлбөрүүд хөдөлж байсан байх юм. 

Тухайлбал, С.Баярын Засгийн хамтарсан Засгийн газрын үед Атрын аян болон Оюутолгой төсөл гараанаас гарч байжээ.

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед ураны төсөл хөдөлж, төмөр замын хил холболтоо хийжээ. Бусдаар бол улс төрийн намууд өрсөлдөгч намаа намнахын тулд улс эх орныхоо бүтээн байгуулалтыг золиосолж ирсэн байх юм.

Өнгөрсөн түүхээ харвал Оюутолгой гэдэг ганц том төсөл (одоо ч хэл ам дагуулсаар) хөдөлсөн байх ба бусдаар бол Эгийн голын УЦС, нүүрсний төмөр зам, Эрдэнэбүрэнгийн УЦС, V цахилгаан станц гэх мэт улс эх орны хөгжилд нэн хэрэгтэй томоохон төслүүд зөвхөн цааснаа, мөрөөдөл төдий үлджээ. Энэ бүхэн бол улангассан улс төржилтийн гай. Үүнд толгойгоо мэдүүлсэн ард нийтийн буруу.

Одоо нийгмийн хурц сэдвийн нэг болоод байгаа Туулын хурдны замын иргэдийн эсэргүүцлийг Ардчилсан нам авч давхисныг МАН доторх 38-ын бүлэг сэвсээр түймэр болгож байгааг бүгд харж байна.

Энэ бүх улс төржилтөөс бүтээн байгуулалтууд нуран унаж, улс төрийн бүлэглэлүүдийн зодоонд хууль хүчнийхэнтэй хамсан хэн сайн “зодсон” нь ялан гарах ч, эцсийн дүндээ жирийн иргэд түгжрэлтэйгээ, утаатай, стресстэйгээ аж төрөн үлдэх ажгуу.

“Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” хэмээх үг байдаг. Алунгоо эхийн таван мөсний үлгэр ч байдаг.

Монголчуудыг эв нэгдэлтэй болгох гэж намын хатуу гишүүнчлэлийг үгүй болгох тухай ярьж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа оруулж өгсөн ч үр дүн муутай л байна.

Асар том газар нутаг дээр маш цөөхүүлээ амьдардаг монголчууд эвтэй байх ёстойг бүгд мэддэг ч хийдэггүй. Намууд нь хоорондоо толхилцоно, иргэд нь дагаж хөөрнө. Сумаа улаан, цэнхэрээр хуваан хараацгаах ба тоонот гэртээ ч эхнэр, нөхөр хоёр улс төр ярихаараа гэрээ буулгахаас сийхгүй.

Гайхмаар нь, бүгд баян чинээлэг амьдарч, улсаа улс шиг байлгахыг хүснэ. Гэвчиг хөгжлийн бүтээн байгуулалтуудаа улаан гараараа нураана. Нурааж байгаа хүмүүсийг даган алга ташина.

Юутай гомдолтой зэрлэг амьдрал, юутай хайрлалтай залуу нас, юунд шинэ ертөнцийг үзэхийг үл хүснэ”...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.