МҮЭХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргалыг шүүхэд шилжүүллээ
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Х.Буянжаргал нарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
Тус холбооны салбар болох Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо (ЭХГУУҮЭХ)-ны гишүүд татвар хэмээн тодорхой хэмжээний мөнгө холбоондоо тушаадаг. Татварын уг мөнгөнөөс нь хүүгүй, хугацаагүй, тодорхой нөхцөлгүйгээр цалингийн зээл хэмээн нэр бүхий хүмүүс 263 сая гаруй төгрөг авч ашиглаж, эрх мэдлээ урвуулсан гэх гомдлын дагуу АТГ-ынхан өнгөрсөн онд шалгаж эхэлсэн юм.
Х.Буянжаргал нь төрийн өмчит болон хувьцаат компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр бүхий найман тэргүүлэгчтэй бүлэглэн 2022 онд тушаал гаргаж, тэдэнд 31 сая, өөртөө долоон сая төгрөгийн урамшуулал авсан. Хяналтын хорооны дарга Г.Ц-д таван сая төгрөгийн орон сууцын дэмжлэг, мөн өөртөө 16.2 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон.
Байгууллагынхаа өмчлөлд бүртгэлтэй “Тоёота хайландер” загварын автомашиныг 12.9 сая төгрөгөөр гэр бүлийнхээ хүний өмчлөлд шилжүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой болсон гэнэ.
Тиймээс түүнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.