🔴Д.Ихбаяр: Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит долоодугаар хуралдааны үйл явц болон МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийн талаар төлөөлөгч Д.Ихбаяр дараах мэдээллийг өглөө.

НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр 

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дөрөвдүгээр сарын 27-ны өглөөний 09:00 цагт бүлгийн хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч өглөө бүлгийн хурал эхлэх үеэр ИТХ-ын албан ёсны цахим хуудсанд ээлжит долоодугаар хуралдааныг хойшлуулах тухай мэдээлэл нийтлэгдсэн.

МАН-ын бүлэг хуралдаж байхтай зэрэгцэн АН-ын бүлгээс хүргүүлсэн шаардлагын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан тогтоолын төслийн 1.2-т заасан "Туул голоо аваръя хөдөлгөөн өрнүүлэх тухай" асуудлыг эргүүлэн татсан албан бичгээ ирүүлсэн.

Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон 27 төлөөлөгчийн 26 нь санал хураалтад оролцож, 62.5 хувийн саналаар эргүүлэн татсан асуудлаас бусад 21 асуудлыг хэлэлцэн, хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрлээ. Одоогоор хуралдааны танхимд нийт төлөөлөгчдийн 50-аас дээш хувь нь хүрэлцэн ирж МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг танилцуулаад байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт орсноор ИТХ-ын хуралдах боломж хумигдаж, сардаа нэг удаа ээлжит бус, улиралд нэг удаа ээлжит хуралдаан зохион байгуулж байна. Үндсэндээ сүүлийн гурван сар орчим хугацаанд хуралдаагүй бөгөөд Засаг даргаас өргөн барьсан 20 гаруй асуудал хүлээгдэж байна. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой учраас эдгээр асуудлыг цаг тухай бүрд нь хэлэлцэн шийдвэрлээд явах нь зүйтэй гэж МАН-ын бүлгийн олонх үзэж байна гэв. 

Туулын хурдны замтай холбоотой асуудлын тухайд, өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөж байсан нь хурдны зам барих биш, харин "Туул голоо хамгаалъя" хөдөлгөөн өрнүүлэх тухай тусдаа тогтоолын төсөл байсан. Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж дууссаны дараа хэлэлцэх шийдвэр гаргасан тул одоогоор ИТХ-аар хэлэлцэх боломжгүй юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.