🔴Д.Ганбат: Манай улсын нэг иргэн 10 сая төгрөг авах хэмжээний мөнгийг алдсан
УИХ-ын гишүүн Д.Ганбат нүүрсний хулгай, нууцад хамааруулсан оффтейк гэрээнүүдийг ил болгох, хянан шалгах түр хороо байгуулах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр нүүрсний сонсголыг хийх ёстой байсан бөгөөд үүнд ямар ч нууцлах зүйл байхгүйг онцлоод, ард түмний мэдэх эрхийг хангаж, байгалийн баялгаас олсон орлогыг ил тод болгохын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Нүүрсний хулгайн улмаас үүссэн 36 их наяд төгрөгийн алдагдал нь Монгол Улсын 3.5 сая иргэнд хувааж тооцвол нэг хүнд 10-12 сая, дөрвөн ам бүлтэй нэг өрхөд 48-50 сая төгрөг ногдох хэмжээний асар их мөнгө. Мөн мухар төмөр зам тавьж, урд хөрштэйгөө төмөр замаар холбогдох ажлыг 10 гаруй жилээр гацаасан нь Хятадын талыг ч, Монгол Улсыг ч маш их хохироосон үйлдэл болсон. Энэ алдагдлыг хэн бий болгосон, нөхөн төлбөрийг хэрхэн барагдуулсан зэрэг асуудлыг зориудаар нууцалж, цаана нь хулгай луйвар явагдаж байна.
УИХ-ын гишүүдийн үг, үйлдэл хоёр зөрж байгааг шүүмжлэлтэй хандаж байна. Харбины гэрээ болон нүүрсний асуудлаарх сонсголыг явуулахын эсрэг 71 гишүүн кноп дарсан хэрнээ дараа нь "хийх ёстой байсан" хэмээн матрын нулимс унагаж байна. Өнөөдөр ард иргэд, залуучууд ядуу буурай, хүнд нөхцөлд амьдарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, махны үнэ өсөж, цалин тэтгэвэр хүрэлцэхгүй байгаа нь энэ нүүрсний хулгай, авлигатай шууд холбоотой. Жинхэнэ хулгайчид шоронд биш, төрийн ордонд сууж, сонгууль зохион байгуулж, Засгийн газрыг бүрдүүлж байгаа нь улс орныг ийм байдалд хүргэсэн.
Нүүрстэй холбоотой бүх оффтейк гэрээг хянан шалгах түр хороо байгуулах санаачилгыг би гаргасан. Одоогоор Ардчилсан намын голдуу 30 орчим гишүүн гарын үсэг зураад байна. Хуулиараа 32 гишүүн гарын үсэг зурснаар түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх боломжтой болно. Энэ шалгалтад "Бодь" групптэй холбоотой 110 сая ам.долларын асуудал, Харбины гэрээ зэрэг бүх сэжигтэй гэрээнүүд багтана. Өмнөх сонсголоор ил болсон 36 оффтейк гэрээний 31-ийг нь "Бодь" групп авсан. "Эрдэнэс Тавантолгой"-гоос гарсан мөнгө Голомт банкаар дамжин бэлнээр тараагдсан гэх асуудлыг ч хууль хяналтынхан шалгах ёстой.
Хууль хяналтын байгууллагууд ашиг сонирхол нуугдсан хэргүүдийг удаашруулж, дарж байна. Өнөөдрийн байдлаар 800 орчим нууцалсан гэрээ хэлэлцээр байгааг ил болгох шаардлагатай. "Хулгайч айлд орохдоо гэрэл асаадаггүйтэй адил байгалийн баялгаас олж буй орлогыг ард түмнээс нууж, хулгайгаа халхавчилж байна. Би ямар нэгэн авлига, албан тушаалын хэрэгт барьцаалагдаагүй цөөхөн гишүүдийн нэг. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, энэ бүхнийг ил тод, гэрэл гэгээтэй болгохын төлөө эцсээ хүртэл явна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.