🔴Л.Ариунтуяа: Мега төслүүдтэй холбоотой иргэдийн үл ойлголцлыг арилгахын тулд төлөөлөгчид хуралдах ёстой
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч Л.Ариунтуяа өнөөдрийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон асуудал болон Туулын хурдны замын төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
НИТХ төлөөлөгч Л.Ариунтуяа:
-Өнөөдрийн хуралдаан 10:00 цагт товлогдсон ч төлөөлөгчид танхимдаа хоёр цаг гаруй хүлээж байна. НИТХ нь Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хурлыг хойшлуулах болсон шалтгаанаа Хурлын дарга биечлэн орж ирж тайлбарлах үүрэгтэй. Одоогоор Хурлын дарга өрөөндөө байхгүй, төрийн ажил албан ёсны шийдвэрээр бус цахим хуудсаар дамжин явагдаж байгаад шүүмжлэлтэй байна.
Ардчилсан намын бүлгээс нэг асуудлыг хойшлуулах тухай албан бичиг өгсөн гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн ч энэ нь бүхэл бүтэн хурлыг зогсоох үндэслэл болохгүй. Өнөөдрийн хуралдаанаар 22 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. НИТХ өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ноос хойш хуралдаагүй. Улаанбаатар хотод хэрэгжиж буй мега төслүүдтэй холбоотой иргэдийн бухимдал, үл ойлголцлыг арилгахын тулд төлөөлөгчид хуралдаж, мэдээлэл сонсон, үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай байгаа.
Туулын хурдны замын төслийн тухайд, энэхүү асуудал нь хурлын хороо, бүлэг болон НИТХ-аар хэлэлцэгдэн батлагдсан. Нийслэлийн иргэдийн хамгийн их хүсэж буй зүйл нь замын түгжрэлийг бууруулах асуудал. Судалгаагаар иргэд жилд дунджаар 35-36 хоногийг зөвхөн зам дээр өнгөрөөж байна.
Миний сонгогдсон Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос 7 буудал чиглэлд өдөрт 30 мянган автомашин зорчдог бөгөөд үүнээс үүдэлтэй агаарын бохирдол, стресс зэрэг олон асуудал үүсэж байна. Тиймээс тооцоо судалгаанд үндэслэн түгжрэлийг бууруулах зорилгоор Туулын хурдны замын төслийг дэмжин баталсан. Дараагийн ээлжид утаа болон орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатайг иргэд уламжилсаар байгаа гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.