🔴Б.Ану-Үжин: УИХ-ын гишүүд НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдаж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт товлогдсон ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байна. Энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин байр сууриа илэрхийллээ.
НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин:
-Хурлаар хэлэлцэх асуудлуудыг долоо хоногийн өмнөөс хороо, бүлэг, зөвлөлөөр шат дараатай хэлэлцдэг байтал АН-ын бүлгээс хурлыг хойшлуулах тухай мэдэгдлийг өнөө өглөө зөвхөн цахимаар болон бичгээр ирүүлсэн нь ямар зорилготой болох нь тодорхойгүй байна. Хурлын дэгийн дагуу хуралдааныг албан ёсоор эхлүүлж, хэлэлцэх асуудлын дарааллыг баталсны дараа намын бүлгүүд санал хүсэлтээ гаргаж, шаардлагатай бол зарим асуудлыг хойшлуулах боломжтой.
НИТХ нь нийслэлийн эрх барих дээд байгууллага. Төлөөлөгчид хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилладаг. Сүүлийн үед УИХ-ын түвшинд нийслэлтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, зарим гишүүд төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдах хандлага гаргаж байгаад шүүмжлэлтэй байна. Мөн НИТХ сүүлийн хоёр сар орчим хугацаанд хуралдаагүй. Нийгэмд маргаан дагуулсан томоохон төслүүдтэй холбоотой асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.
Нийгмийн анхаарлын төвд байгаа "Туулын хурдны зам" төслийн тухайд өнгөрсөн зун ТЭЗҮ-ийг нь баталсан. Иргэдэд бүрэн мэдээлэл өгөлгүйгээр ажлыг эхлүүлсэн нь үл ойлголцол үүсгэсэн гэдгийг. Одоогоор Засгийн газраас уг төслийг түр зогсоогоод байгаа. Цаашид хэрхэх талаар НИТХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Нийслэлд тулгамдсан олон жилийн асуудлыг гал унтраах төдийгөөр биш, томоохон төслүүдээр шийдвэрлэх нь зүйтэй.
Өнөөдрийн хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэхээр товлосон. Хуралдааныг яаралтай эхлүүлж, Туулын хурдны замтай холбоотой маргаантай асуудлыг хойшлуулсан ч үлдсэн 20 гаруй асуудлаа хэлэлцээд явах нь нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй гэв.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.