🔴А.Амартүвшин: Хурлыг төлөөлөгч нарт танилцуулалгүй шууд цуцалсан нь төрийн ажлын зарчимд нийцэхгүй
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдаан хойшилсон шалтгааныг төлөөлөгч нарт албан ёсоор танилцуулаагүй бөгөөд тэд энэхүү мэдээллийг зөвхөн цахим хуудаснаас авсан талаар НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин мэдэгдлээ.
НЗД-ын орлогч А.Амартүвшин:
-Ардчилсан намын бүлгээс "Туул голыг аваръя" хөдөлгөөнтэй холбоотой асуудлаар шаардлага тавьж, тухайн асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл байгаа ч албан ёсны тайлбар ирээгүй.
Хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний зөвхөн нэг нь Туулын хурдны замтай холбоотой асуудал байтал бусад 22 асуудлыг давхар хойшлуулж байгаа нь буруу. Хуралдааны дэгийн дагуу хурал албан ёсоор эхэлж, нийт төлөөлөгчдөд асуудлыг танилцуулсны дараа тухайн нэг асуудлаар завсарлага авах эсвэл хойшлуулах санал хурааж шийдвэрлэх ёстой байтал шууд цуцалсан нь төрийн ажлын зарчимд нийцэхгүй.
Мөн нийгэмд маргаан дагуулаад буй Туул голтой холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагууд болох Цагдаа, АТГ шуурхай шалгаж, нэг тийш нь шийдвэрлэх шаардлагатай. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын хугацаа богино байдаг тул хууль эрх зүйн маргаанаас үүдэн түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зэрэг томоохон төслүүд гацах эрсдэлтэй. Үүний хохирлыг нийслэлийн иргэд амсаж байна.
НИТХ-ын хуралдааны дэгд өөрчлөлт оруулах санал гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. 2022 онд батлагдсан дэгээр зөвхөн Хурлын дарга хуралдааныг товлож, удирдах зохицуулалттай болсон нь дарга өвчтэй эсвэл эзгүй үед төрийн ажил гацах нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд Хурлын даргыг орлох, зөвлөлөөс төлөөлөгч томилж хуралдааныг үргэлжлүүлдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.