🔴Ч.Номин: Туулын хурдны замыг улстөржүүлэх нь буруу
Нийслэлийн Засаг даргын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Номин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр нийслэлийн түгжрэл, утааны асуудлыг шийдвэрлэхдээ мэргэжлийн судлаачдын дүгнэлтэд суурилах ёстойг онцлоод, хурдны зам барих төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ч.Номин:
-Аливаа бүтээн байгуулалтын ажлыг улс төржүүлж, хувийн оноо цуглуулах хэрэгсэл болгох нь буруу. Шаардлагатай бол холбогдох гэрээнүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зүйтэй. Засгийн газрын зүгээс хийрхсэн улс төржилтөөс татгалзаж, бодит үр дүн гаргаж ажиллахыг чухалчилж байгаа. "Бодь"-ийн оффтейк гэрээг шалгах Түр хороо байгуулж шалгах хэрэгтэй. Эцэслэж дуусгах хэрэгтэй.
Цахим хөгжлийн яамны зүгээс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хиймэл оюун ухааны стратегийг боловсронгуй болгох ажлыг эрчимжүүлж байна. Ялангуяа цахим орчинд хиймэл оюун ухаан ашиглан хуурамч мэдээлэл (Deepfake) түгээх эрсдэл нэмэгдэж байгаа тул иргэд, төрийн албан хаагчид болон хүүхэд багачуудын цахим ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Өнөөдрийн байдлаар төрийн үйлчилгээний 70-80 хувь нь цахимжсан ч төрийн албан хаагчдын 20 хүрэхгүй хувь, нийт иргэдийн 46 орчим хувь нь л зохих түвшний цахим ур чадвартай байна.
Энэ хүрээнд цахим орчинд хүүхдийг хамгаалах, 16 нас хүртэлх хүүхдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тогтоох, хиймэл оюун ухаанаар хүний дүр төрхийг ашиглахыг зохицуулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.
Төр өөрөө программ хангамж, систем хөгжүүлэхээс татгалзаж, цахим үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх бодлого баримталж эхэлсэн. Энэхүү төвлөрлийг задлах бодлогын хүрээнд иргэд зөвхөн "E-Mongolia" гэлтгүй өөрсдийн өдөр тутам ашигладаг гар утасны аппликэйшнүүдээр дамжуулан төрийн үйлчилгээ авах, гадаад паспорт захиалах зэрэг боломжийг бүрдүүлж байгаа бөгөөд уг шинэчлэл ирэх тавдугаар сарын 10 гэхэд нэвтрэх хүлээлттэй байна. Мөн сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станцуудад И-баримт автоматаар бүртгэгддэг системийг улам өргөжүүлж байгаа.
Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран хуулийн салбарыг цахимжуулах томоохон ажлыг эхлүүлсэн. Цаашид нотариатын үйлчилгээг цахимжуулж, иргэд заавал биеэр очих шаардлагагүй болох нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна. Мөн хэрэг бүртгэлт, прокурорын хяналт, шүүхийн шийдвэр болон түүний гүйцэтгэл хүртэлх хуулийн байгууллагуудын бүх шатны үйл явцыг нэгдсэн системд оруулж, иргэдэд ил тод болгох чиглэлийг Засгийн газраас гарган ажиллаж байгаа. Ингэснээр хэрэг шийдвэрлэх явц тодорхойгүй хугацаагаар удааширдаг асуудлыг цэгцлэх ач холбогдолтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.