Гаалийн байцаагч, зуучлагчийг үргэлжлүүлэн хорино

Гаалийн байцаагч, зуучлагчийг үргэлжлүүлэн хорино

АТГ-ынхан Замын-Үүд дэх Гаалийн газарт шалгалт хийж, зарим хүнийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл хээл хахууль авсан, өгсөн гэх үйлдэлд холбогдсон хоёр хүнийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхтүвшингийн захирамжаар яллагдагчаар тооцон үргэлжлүүлэн хорихоор болжээ.

Дээрх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Д.Тэмүүлэнг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан их хэмжээний хахууль авсан” хэмээн яллагдагчаар татах тогтоол Нийслэлийн прокурорын газраас баталсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрбээр гэрчид нөлөөлөхийг оролдсон гэх нөхцөл байдал үүссэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.2-ын “гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа”, 14.9-1.3 дахь хэсгийн “хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх заалтын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. Мөн гаалийн зуучлагч С.Аюурзаныг мөн үндэслэлээр цагдан хорьжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.