Улсын дээд шүүхийн таван шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээр болжээ
Гэрийн мод, модон болон эсгий эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Очир интер трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Гүнсэн гэх хүний гаргасан гомдлыг үндэслэн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүнд сахилгын хэрэг үүсгэхээр болжээ.
Тус танхимын шүүх бүрэлдэхүүн энэ оны хоёрдугаар сарын 3-нд “Аниме нетворк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн аж. Энэ захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон “Очир интер трейд” ХХК-ийн эрх ашгийг зөрчиж, “Аниме нетворк”-д давуу байдал олгосон шийдвэр гаргасан хэмээн Шүүхийн сахилгын хороонд гомдол ирүүлсэн аж. Тус хорооныхон Ч.Гүнсэнгийн гомдлыг хянаад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан юм байна. Гэвч Ч.Гүнсэн уг шийдвэрийг эсэргүүцэн Шүүхийн сахилгын хорооны дээд шатанд нь гомдол гаргасны дагуу хянан үзээд Шүүхийн тухай хуулийн 104.7-2 дахь хэсгийг үндэслэн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгожээ.
Ингэснээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч М.Батсуурь, Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ц.Цогт, тус танхимын шүүгч бөгөөд Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.