"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам хот төлөвлөлтийн бодлоготой уялдана
Нийслэлд хэрэгжүүлэх их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай орох трасс нь “Сэлбэ дэд төв”-ийг дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөн. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам байхаас гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгаснаар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өсөх, ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэх, цаашлаад худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая мкв-д хүрэхээр төлөвлөгджээ. Тиймээс “Сэлбэ дэд төв” нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилготойгоор төлөвлөгдөж буй томоохон суурьшлын бүс бөгөөд орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болно. Харин трамвайн шугам нь уг дэд төвөөр дайран өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг бүрдэх үндэс тавигдана гэж үзжээ. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулах боломжтой болно. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай юм.
“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд, нийт 11 км урт, 16 зогсоолтой байх бол “Сэлбэ 20 минутын хот” төсөл нь нийт 8565 өрхийн нягтралтай, 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэрэг цогц төв болно.
“Сэлбэ хот”-ын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар 80 техник 1,632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байгаа аж. Төслийн баг төлөвлөсөн хугацаандаа, чанарын өндөр түвшинд 113 блок 8575 айлын орон сууцыг барихаар ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.