🔴 С.Баярцогт: Би 30 хоногийн хугацаатай ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр ажиллана
Ардчилсан намын "4:11" ээлжит мэдээллийн цагаар тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон С.Баярцогт болон бусад төлөөллүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
С.Баярцогтыг намын дарга О.Цогтгэрэлийн санал болгосноор Улс төрийн зөвлөлийн гишүүдийн 72 хувийн саналаар 30 хоногийн хугацаатайгаар ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна.
Тэрээр намын дотоод зохион байгуулалтын талаар мэдээлэхдээ, шинээр бүрэлдсэн Үндэсний бодлогын хороо 378 гишүүнтэй бөгөөд үүний 10 хувь буюу 38 гишүүн Улс төрийн зөвлөлд сонгогдон ажиллаж байгаа гэв. Улс төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хүйсийн тэнцвэрийг хангаж 15 эмэгтэй, 19 эрэгтэй гишүүн орсон бөгөөд нийт гишүүдийн 70 орчим хувь нь шинэчлэгджээ. Мөн намын үндсэн гурван том байгууллага болох Хяналтын ерөнхий хороо, Бодлогын ерөнхий зөвлөл, Улс төрийн зөвлөлийн үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулсан байна.
Ардчилсан намын хувьд цаашдаа дотоод эв нэгдлээ хангаж, 2027-2028 оны сонгуульд ялалт байгуулахын тулд боловсон хүчин, зохион байгуулалт, санхүүгийн шинэчлэлүүдийг хийх шаардлагатай. Намын дотоод сонгуультай холбоотой гарсан гомдол, маргааныг намын дээд шүүх болох Хяналтын ерөнхий хороо шийдвэрлэх бөгөөд тэрээр санал зөрөлдөөнтэй байгаа бүх гишүүд, фракцын төлөөллүүдтэй биечлэн уулзаж, үл ойлголцлыг богино хугацаанд арилгахаар төлөвлөж байгаагаа илэрхийлэв. Мөн ирэх тавдугаар сарын 15-ны дотор Үндэсний бодлогын хороо хуралдаж, намын таван дэд дарга болон ЕНБД-ыг жинхлэн батлах асуудлыг эцэслэн шийдвэрлэх аж.
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн тухайд АН-ын бүлэг олонхын саналаар дэмжихгүй гэх шийдвэр гаргасан. Гэхдээ энэ нь цөөнх болсон гишүүд өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжтой шийдвэр гэлээ.
С.Баярцогтын хувьд уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа бөгөөд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох механизм хэрэгтэйг онцоллоо. Гэвч хуулийг шууд баталбал парламентын засаглалын тэнцвэр алдагдах эрсдэлтэй тул бүх намын төлөөлөл орсон ажлын хэсэг байгуулж, үр дагаврыг нь сайтар тооцох, цаашлаад дараагийн парламентаас эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм
АН-ын нарийн бичгийн дарга А.Батпүрэв УИХ-д өргөн баригдсан Гадаадын зээлийн ашиглалт, үр ашгийг сайжруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой намын байр суурийг танилцууллаа. Уг хуулийн төслөөр Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв зэрэг нийт 3.5 тэрбум ам.долларын өртөгтэй гурван том төслийг улсын нэгдсэн төсвийн алдагдалд тооцохгүй байхаар тусгасан нь эдийн засагт маш том эрсдэл дагуулна гэж үзэж байна. Монгол Улсын ДНБ-ий 10-15 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг төсвөөс гадуур нуух нь төсвийн нэгдмэл байдалд харшилж байгаа тул АН-ын бүлэг энэ асуудлаар дахин хуралдаж, нэгдсэн байр суурьт хүрнэ гэдгийг мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.