🔴Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс парламeнтын засаглалгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн хар өдөр боллоо

AI хөрвүүлсэн

Eрөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

-Сая болж өнгөрсөн үйл явдал бол Монгол Улс парламентын засаглалаасаа ухарч байна.

Парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж байна уу гэдэг асуудал улам тодорхой бус болчихлоо. Парламентад хандах хандлага их өөрчлөгдсөн харагдаж байна. Гишүүдийн үгийг үл тоосон, дээрэнгүй байдал ажиглагдаж байна. Таван нам парламентад суудалтайгаас дөрөв нь тухайн хуулийн эсрэг байр суурь илэрхийлсэн байхад хүч түрж батлах гэж байна гэдэг нь өөрөө асуудалтай.

Өнгөрсөн долоо хоногийн хуралд санал хураалтад оролцох гишүүдийг бүрэн оролцуулаагүй, зарим талаараа зориудаар ирц бүрдүүлээгүй юм шиг харагдсан. Үүн дээр нэмээд сүүлийн үед гишүүдэд хэрэг үүсгэх, шалгах, барих зэрэг үйл явц идэвхжиж байна. Энэ нь гишүүдэд дарамт болж, санал өгөхөд нь нөлөөлж байна. Ийм чухал, улсын засаглалын хэлбэр, газар нутгийн асуудалтай холбоотой хууль дээр гишүүд айдасгүй, чөлөөтэй байр сууриа илэрхийлэх ёстой. Гэтэл өнөөдөр тийм орчин бүрдээгүй байна. Жишээ нь, зарим гишүүдийг шууд гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд ойлгуулж байгаа нь өөрөө улс төрийн дарамтын нэг хэлбэр гэж харагдаж байна.

Ер нь, Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгох нь зөв үү гэдэг асуулт ч гарч ирж байна. Сүүлийн үйл явдлуудаас харахад эрх мэдэл нэг төв рүү аажмаар шилжиж байгаа шинж ажиглагдаж байна. Парламентын засаглал бол ардчиллын гол баталгаа. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, маргах, шүүмжлэх боломжтой байх ёстой.

Харин энэ хууль батлагдвал парламент зүгээр л санал хураадаг, дуугүй бүтэц болж хувирна. Өнөөдөр харахад олон намын оролцоотой мэт боловч бодит байдал дээр эрх мэдэл төвлөрөх, бүр цаашлаад нэг хүнийг тойрсон тогтолцоо руу шилжих аюул яригдаж байна. Мөн Үндсэн хуулийн цэц өмнө нь парламентын ирцийг ингэж асуудал болгож байсан жишээ бараг байхгүй.

Засгийн газарт хариуцлага тооцох үед хориг тавьдаг явдал ч дэлхийн жишигт төдийлөн нийцэхгүй. Хууль санаачилж байгаа байгууллагууд хүртэл парламентад дээрэнгүй хандаж байгаа нь парламентын институцийг сулруулж байна гэсэн үг. Ер нь ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал гэдэг зүйл өөрөө аяндаа бий болдоггүй. Тэмцэж, босож байж бий болдог, хадгалагддаг үнэт зүйл. Хэрвээ өнөөдөр дуугүй өнгөрвөл, дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол тэрний үр дагавар нь ирээдүйд бидний үр хүүхдэд очно. Тийм болохоор энэ асуудал дээр хүн бүр бодолтой, хариуцлагатай хандах хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.