🔴 Ж.Батжаргал: Ерөнхийлөгч хуулийн санал хураалга дээр бүлгийн гишүүдийн байр суурийг нэгтгэхгүй, задгайгаар орно
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, намын бүлгийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн даваа гарагийн бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль дээр гишүүдийн байр суурийг нэгтгээгүй гэдгээ хэлсэн. УИХ бол ард түмний төр барих эрхийг сонгуулийн үр дүнгээр хэрэгжүүлдэг 126 гишүүнтэй төлөөллийн дээд байгууллага бөгөөд асуудлыг хэлэлцэх эсэхээсээ илүүтэй олон ургальч үзэлд тулгуурлан хэлэлцэж, улс орны амьдралд нийцтэй төрийн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь үндсэн үүрэг гэлээ.
Тэрбээр, ард түмэн УИХ-ыг хариуцлагатай, бүтээлч, ёс зүйн өндөр хэм хэмжээтэй байж, гишүүдийг хуралдаандаа бүрэн суудаг байхыг нийтээрээ шаардаж байна. Тиймээс парламент нийгмийнхээ хүсэмжлэл, иргэдийнхээ санал бодол, дуу хоолойны илэрхийлэл болж, үүнийгээ мэдэрч ажиллах ёстой. МАН бол 105 жилийн түүхтэй, ёс зүйн өндөрлөгтэй улс төрийн хүчин тул гишүүд нь нийгмийнхээ энэхүү хүсэмжлэлийг бүрэн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Энэ ч үүднээс бүлгийн байр суурийг урьдчилан нэгтгэж, хайрцаглахгүй.
Энэхүү ярилцлагыг видео хэлбэрээр үзэхийг хүсвэл ЭНД дарна уу
Мөн бүлгийн даргын зүгээс зарим гишүүд рүү хуулийн төслийг дэмжихийг шаардсан гэх мэдээллийг үгүйсгэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл өргөн барьсан бөгөөд түүнийг нь УИХ хэлэлцэн, илүү боловсронгуй болгож батлах нь парламентын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Хуулийн төслийн дийлэнх заалт дээр гишүүд нэгдмэл байр суурьтай байгаа бөгөөд зөрүүтэй цөөн хэдэн заалтыг чуулганы хуралдаанаар олон талаас нь нээлттэй хэлэлцэх ёстой гэж үзэж байна.
МАН 2016-2024 онд УИХ-д үнэмлэхүй олонх байхдаа Үндсэн хуульд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн хүчнүүдтэй зөвшилцөж байсан. Үүний үр дүнд парламентын засаглал илүү баталгаажиж, олон намын оролцоо хангагдан, өнөөдөр таван улс төрийн хүчин УИХ-д суудалтай байна. Тиймээс уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, УИХ-д суудалтай намуудын бүлгийн төлөөлөл, хуульчдыг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллах нь зүйтэй гэлээ. Ингэснээр анхаарал татаж буй заалтуудыг хууль зүйн хувьд сайжруулж, парламентын ардчилал, чадамж, дархлааг хангасан хууль гаргах бүрэн боломжтой бөгөөд үүнийг хэт сүржигнэх асуудал биш гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.