"Ерөнхийлөгчийн сонгууль-2027" ажиг: МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Х.Баттулга

Ардчилсан намын удирдлагад байдаг хүмүүс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2027 оны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулжээ. Л.Гантөмөрийг хэнээр солих вэ гэхээсээ илүү ерөнхийлөгчийн сонгууль хамгийн чухал гэж үзсэн бололтой. 

2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас одоогийн байдлаар нэг л нэр дэвшигч сурталчилгаагаа албан бусаар эхлүүлээд байгаа нь ерөнхийлөгч асан Х.Баттулга.

Тэрбээр "Хөх Монголын хөх туг" аялуулж, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нарыг голдуу дагуулж яваад байгаа. Булган аймагт зарласан уулзалтад нь хүн цуглаагүй гэх, ерөнхийлөгч байхад нь тамгыг нь атгаж байсан Ө.Шижир УИХ-ын гишүүн болонгуутаа нүүр буруулж, сүүлийн үед Х.Баттулгын талаар таагүй үг унагах болсон гэх. Ямартай ч 2017 онд ерөнхийлөгчид нэр дэвшихэд байсан дэмжлэг үлэмж хэмжээгээр буурсан нь үнэний ортой бололтой. Өөрөө ч тэрийгээ мэдэрсэн гэсэн яриа саарал ордноор тэнүүчилж байна. 

Монгол ардын намаас одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин нэр дэвшинэ гэсэн яриа амь бөхтэй байсаар байна. Үүний тулд Монгол Улсын Үндсэн хуулийн "Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн зүйл заалтыг өөрчлөх их ажил ундраад байгаа сурагтай. Цаашилбал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний орыг залгаж Ерөнхий сайд болох Н.Учрал нарын халаасанд ч ерөнхийлөгчийн "погоон" байхыг үгүйсгэх аргагүй юм. 

Цаашилбал, ХҮН намаас Т.Доржханд, ИЗНН-аас Б.Батбаатар нар ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж дуугарах л байх. Дуугарах эрх нь бий. Гэхдээ тэдний хувьд буян заяа нь дутах болов уу. МАН, АН хоёр нь навчинд ороогоод зооглож орхих нь гарцаагүй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.