ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Цагдан хориход нас барсан иргэний үхэлд буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно

Хүний эрхийн дэд хороо өнөөдөр хуралдаж байна. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ нас барсан иргэн О-гийн эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн эсэх асуудлаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож байна юм. Дэд хорооны хуралдааныг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин даргалж байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл 

-Цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож байхдаа нас барсан 21 настай иргэн О-гийн ар гэртэй хэд хэдэн удаа уулзсан. Ар гэрийн зүгээс гурван гомдол мэдүүлж байгаа. Нэгдүгээрт, амь хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас задруулсан. Хоёрдугаарт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдаж үзүүлсэн. Тусламж үзүүлэхдээ гав хэрэглэж, хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж ар гэрийнхэн нь үзэж байна. Гуравдугаарт, талийгаач өмнө нь эрүүдэн шүүгдсэн асуудлаараа АТГ-т гомдол гаргасан ч түүнийг нь шалгаж тогтоогоогүй цаг алдсан нь амь хохирох нэг үндэслэл болсон гэдэг шалтгаануудаар хандсан. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хамтарсан багийн Ажлын хэсэг гаргаж, хяналт, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Маргааш дүнгээ гаргана. Олон хүнтэй уулзаж, мэдээлэл авч байна. Хариуцлага тооцох асуудал яригдана. ХЗДХ-ийн сайдын хувьд, цагдаагийн байгууллага, шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэд дарга нартай холбоотой асуудал дээр бие даан шийдвэр гаргадаг. Энэ хүрээндээ шийдвэр гаргана. Харин  хууль тогтоомж зөрчсөн, тогтоогдсон баримтын хүрээнд албан хаагчдад хариуцлага тооцох асуудлаар байгууллагуудын дарга нарт шаардлага хүргүүлнэ. Цаашаа ямар албан хаагчдад хариуцлага тооцох уу гэдэг асуудал нь байгууллагын дарга нар бие даан шийдвэрлэх боломжтой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.