Д.Өнөрболор: Миний бие цаашдаа ч Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэнэ

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас өрсөлдсөн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ялагдал хүлээсэн билээ.

Тэрбээр өнөөдөр /2024.06.29/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан иргэд, сонгогчдодоо үг дайжээ. Тэрбээр,

"Ардчилсан Монгол Улсын төрийн сонгууль амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Миний бие УИХ-ын ээлжит сонгуульд Төвийн бүсэд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Миний хийсэн бүтээснийг үнэлж, аливаад авталгүй, тууштай байж, шударгаар намайг дэмжиж, саналаа өгсөн мянга мянган иргэд сонгогчдодоо чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Миний төлөө саналаа өгсөн, эс өгсөнөөс үл хамаарч Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн ард иргэддээ, намайг дэмжсэн төрийн болон төрийн бус байгууллага, хамт олон, хувь хүмүүст сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Энэ удаагийн сонгуульд миний нэрийг дахин дэвшүүлж, идэвхитэй сурталчилсан МАН, намын сонгуулийн шат шатны байгууллагууд, бүх гишүүд, дэмжигчид, журмын нөхдөдөө гүн талархаж байгаагаа үүгээр илэрхийлье.

Миний бие цаашдаа ч Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, бие даасан байдлын төлөө, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө санаа сэтгэл, хичээл зүтгэлээ дайчлан ажиллах болно. Монгол Улс үеийн үед цэцэглэн хөгжих болтугай" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.