?Н.Номтойбаяр: МАН, ЦЕГ, СЕХ зохион байгуулалтайгаар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна
Сонгуулийн ерөнхий хорооноос “Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярыг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тэрбээр өнөөдөр Улсын Дээд шүүхэд хандлаа.
“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр:
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу бичиг баримт бүрдүүлэх явцад ЦЕГ-ын Дүн шинжилгээ мэдээллийн албанаас "Н.Номтойбаяр миний биеийг авлигын хэргээр ял авч байсан" гэх ойлголт өгөхөөр албан бичгийг СЕХ-нд хүргүүлсэн. Улмаар СЕХ тэр бичигт үндэслэн нэр дэвшүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Миний бие авлигын хэргээр ял авч байгаагүй. Тиймээс УДШ-д хүсэлт гаргалаа. Н.Номтойбаяр миний бие авлигын хэргээр Дээд шүүхээс ял авч байсан эсэхийг асууж байна. Сонгуулийн тухай хуулийн 29-р зүйлийн 9-т авлигын хэрэг нь УДШ-ээр баталгаажсан нөхцөлд УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх хуультай.
“Үндэсний Эвсэл”-ийн гурван хүнийг СЕХ бүртгэхээс татгалзаад байгаа. Урьд нь МАН-ын гишүүн байсан хүмүүс. Улс төрийн намын тухай хуулийн 5-р зүйлийн 7-гийн дагуу аливаа намын гишүүн намаасаа гарах хүсэлтээ бичгээр намын байгууллагад өгснөөр эрх зүйн харилцаа дуусгавар болдог. Гэтэл МАН-ын Хяналтын хорооноос СЕХ-нд албан бичиг хүргүүлсэн байна. Жагсаалтын зургаадугаарт бичигдсэн Н.Хулан, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Д.Ганболд, П.Баярхүү нар нь өнөөдрийг хүртэл МАН-ын гишүүн хэвээр байгаа гэсэн тодорхойлолтыг өгсөн байгаа юм.
Гэтэл хуулийн хугацаанаас өмнө дээрх гурван хүн МАН-аас гарах өргөдлөө өгсөн. Түүнийг хүлээж авсан нотлох баримтууд бий. Гэтэл СЕХ сонгуулийн тухай хуульд тодорхой заасан заалтыг үл тоож, МАН-ын матаас бүхий бичигт үндэслэн манай нэр дэвшигчдийг хассан. Үүнийг МАН, ЦЕГ, СЕХ зохион байгуулалтайгаар төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого гэж үзэхээр байна. Энэ бол Тагнуулын байгууллагын шалгадаг гэмт хэрэг. Зохион байгуулалттайгаар өрсөлдөгчдөө хасуулж, ноцтой хууль зөрчиж сонгуульд оролцох гэж байгаа нь өөрсдөдөө давуу байдал бий болгож, өрсөлдөгчгүй болох оролдлогыг МАН-ын зүгээс хийж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.