Г.Ариунбуян: Газ тээвэрлэж явсан автомашин зайгаа мэдрээгүйгээс жижиг тэрэгтэй мөргөлдсөн
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж гал гарсан ноцтой осол болоод байгаа. Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Гал унтраах анги 01 цаг 06 минутад дуудлага хүлээн авсан. Урьдчилсан байдлаар газ тээвэрлэж явсан автомашин тойрог дээр эргэхдээ, зайгаа мэдрээгүйгээс суудлын автомашинтай мөргөлдсөнөөс осол гарсан гэж үзэж байна.
Нийслэлийн 10 гал унтраах анги, үндэсний анги гээд нийт 11 ангийн 200 гаруй албан хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр галыг унтраах, иргэдийг аюулгүй болгох, нүүлгэн шилжүүлэх, хор уршгийг арилгахаар ажиллалаа. Галыг унтраах явцад, уулзварын зүүн урд байрлалтай "Эдү апартмент-207" байр болон "Глобал" дунд сургууль, баруун урд байрлалтай "Санни таун" хотхонд галын голомт үүссэн байсныг 02 цаг 15 минутад зогсоож, 04 цагт бүрэн унтраалаа.
Цагдаа болон эмнэлэг, НЗДТГ, ус суваг гээд 600 гаруй албан хаагч, 100 гаруй техник хэрэгсэлтэй ажиллалаа.
"Эдү апартмент"-аас 23 том хүн, 17 хүүхдийг зочид буудалд шилжүүллээ. НХХЯ-наас тухайн иргэдийн амьжиргааг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Урьдчилсан байдлаар галд гурван иргэн нас барсан. Түлэнхийн төвд арав, Цэргийн төв эмнэлэгт нэг, Хүүхдийн төвд гурван хүүхэд хүргэгдэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Ёмкость дэлбэрч 40 метрт шидэгдэх үеэр манай гал унтраах 64 дүгээр ангийн гурван албан хаагч амь насаа алдсан. Амь алдсан албан хаагчдын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.
Цагдаагийн байгууллагаас хэрэг гарсан шалтгааныг мөрдөн шалгаж байгааг дуулгая гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.