СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-12-03

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх далайд гарцгүй орнуудын асуудлаарх хуралдаанд оролцлоо

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь уур амьсгалын өөрчлөлтийн өвөрмөц сорилт, бэрхшээлийг түншлэлийн замаар шийдвэрлэх нь” сэдэвт өндөр түвшний хуралдаанд оролцож үг хэллээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Эрхэм хүндэт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Эрхэм хүндэт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид, хатагтай, ноёд оо,

Өнөөдөр хүн төрөлхтөн аж үйлдвэржилтээс хойших хугацаанд дэлхийн цаг уурын хувьд хамгийн халуун он жилтэй нүүр тулсан нэн онцгой цаг үед амьдарч байна. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийх тэмцлээ улам эрчимжүүлж, бодит үр дүнд хүрэх зайлшгүй шаардлага Та бидний өмнө тулгарч байна.

Дэлхий даяар хэт халалт, гал түймэр, ган гачиг, үер усны гамшиг нүүрлэж, байгаль орчин, хүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учирч, дайн дажин, өлсгөлөн зовлонгоос шалтгаалан олон сая хүн хохирч, амь насаа алдаж, эх нутгаа орхин гарах дүрвэгсдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.

Энэхүү хүнд хэцүү цаг үед Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дарга цаг үеэ олсон энэхүү чухал арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаад баяртай байна.

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд олон улсын зах зээлээс алслагдмал, гадаад худалдааны өртөг өндөр, транзит улс орнуудаас хамаарал ихтэй зэрэг олон сорилттой тулгарч байдгийн зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байдаг билээ.

Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын ердөө 0.1 хувийг эзэлдэг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хүчтэй нэрвэгдэж байгаа улс орнуудын нэг юм.

Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад тусламж үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудад чухал дэмжлэг болно хэмээн үзэж тус санаачилгыг Монгол Улс дэмжиж байгаа билээ. 

Бүлгийн дарга аа,

Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын дэргэд ДГХБО-ын бүлгийг байгуулах санаачилга дэвшүүлэн ажиллаж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, дэлхийн дулааралтай тэмцэх дэлхийн нийтийн хүч чармайлтад оруулж буй үндэсний хувь нэмрийг нэмэгдүүлэхийг эрмэлзэж, энэ хүрээнд  “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнүүдийг санаачлан  орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал чухал үүрэгтэй тул Монгол Улс ирэх 2024 онд НҮБ-тай хамтран “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо зохион байгуулж, энэ асуудлыг тусгайлан хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн 2026 онд Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Түүнчлэн Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлуулсныг дуулгахад таатай байна.

Мөнх хөх тэнгэрийн орон тал нутгийн манай сайхан улсад зохион байгуулагдах эдгээр чуулга уулзалт, арга хэмжээнд эрхэм хүндэт Та бүхнийг хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.