ЭМГЭНЭЛ: Монгол улсын Ардын жүжигчин Д.Ухнаа таалал төгсөв
Монгол Улсын Ардын жүжигчин, Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа таалал төгсөж, урлаг соёлын салбарт нөхөж болшгүй уй гашуу учирлаа.
Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, Монгол Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн Ухнаад 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.
Д.Ухнаа нь Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концерт хөтөлж, 220 гаруй концерт найруулан үзэгч түмний хүртээл болгосон, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолт зохион байгуулан үндэсний болон эстрад урлагийг сурталчлан таниулж, соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм юм.
Талийгаачийн ширгэшгүй их авьяас, суу билиг, уран бүтээл нь Монголын ард түмний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.