Сураггүй болсон охиныг уулнаас буулгахад 8-9 сая төгрөгийн шатахуун шаардлагатай гэв

Цагдаагийн байгууллагад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр "16 настай охин Б нь Дархан-Уул аймгийн Дархан суманд оршин суух гэрээсээ энэ сарын 04-ний өдөр гараад сураггүй алга болсон” гэх мэдээлэл бүртгэгдсэн юм.

Улмаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж, түүнийг хамаарал бүхий этгээдтэй хамт Төв аймгийн Мөнгөнморьт сум руу самар түүхээр явсан болохыг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулж байна хэмээн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлээд байсан. Гэвч охины ар гэрийнхний зүгээс цагдаагийн мэдээг үгүйсгэж “Охин одоо хүртэл гэртээ ирээгүй, амьд байгаа эсэхийг нь бид мэдэхгүй байна. Алга болоод 16 хонож байна. Цагдаагийн байгууллага бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа” гэх тайлбарыг хэвлэлд өгчээ.

Тус мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа н.Очгэрэл дараах мэдээллийг өглөө.

хиаөи

ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа Д.Очгэрэл:

-11 дүгээр сарын 05-ны өдөр 16 настай охин "Б" Улаанбаатар-Дархан чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслээр хотод ирсэн. Улмаар БЗД-т байрлах айлд гурав хоноод 09-ний өдөр Улаанбаатар-Түнхэл чиглэлийн галт тэргээр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон руу явсан нь тогтоогдсон. Тухайн өдрөө Төв аймгийн Мөнгөнморьт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын зааг нутаг Минжийн хангай орчмын уул руу том машинтай самарт явсан нөхцөл, байдал тогтоогдсон. Иргэн "Ж"-ийн машинд суугаад самарт явж буй хэсэг хүмүүстэй хамт явсан байна. Иргэн "Ж" машинтайгаа явж байхад Түнхэл тосгоны иргэн "О" машинтайгаа уулнаас бууж ирээд таарсан байдаг. Иргэн "Ж" Зил-131 машинтай кабин дотроо эмэгтэй хүүхэд суулгасан явж байсан нь тогтоогдсон.

Түнхэл тосгоноос 160 км зайтай газар отоглохоор очсон бөгөөд газар сайн мэддэг хүмүүстэй хамт цагдаагийн алба хаагч нар тухайн газар руу явах ажиллагааг зохион байгуулж байна. Бартаа саад ихтэй замтай тул 2-3 хоног сүлжээгүй газраар явдаг. Байгалийн хүчин зүйлс зэргээс шалтгаалан тухайн газар очиж охиныг авчрахад тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.

Өнөөдөр охины ар гэрийнхэнтэй уулзаж, үүссэн нөхцөл байдлыг тайлбарласан. Боломжтой бол Түнхэл тосгон руу явж очихыг хүссэн.

Охины байгаа газрыг тогтоосон тул цаашид эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж ажиллагааг зогсоосон. Хариуцсан алба хаагч нар Түнхэл тосгонд очоод охиныг уулнаас буулгаж, ар гэрт нь хүлээлгэж өгөх ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар охин хэн нэгэн этгээдийн дарамт шахалтаар явсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайн газарт ямар ч утасны сүлжээ байхгүй учир охинтой холбогдож чадахгүй байгаа гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.