Ухань хотын зарим хэсэгт гахайн мах худалдаалахыг хоригложээ

БНХАУ даяар гурав дахь өдрөө дараалан коронавирусийн халдварын мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэний дараа томоохон хотуудад хорио цээрийн дэглэмийг чангатгаж, дүүргүүдийн хэмжээнд хөл хорио тогтоосноор олон сая хүн дахин хүнд хэцүү байдалд оржээ.

Тус улс дахь цар тахлын дэгдэлт бусад улс оронтой харьцуулахад хамаагүй бага хэмжээнийх ч Засгийн газрын "Тэг-Ковид" бодлогын хүрээнд чанга хатуу хязгаарлалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт хүнд цохилт болж, санхүүгийн зах зээлийг нь хямраагаад байна.

2019 оны сүүлээр цар тахлын анхны тохиолдол илэрсэн Ухань хотод энэ долоо хоногт өдөрт 20-25 шинэ тохиолдол батлагдсан ч орон нутгийн албаныхан эрсдэлтэй гэж үзсэн нэг дүүргийн 800 мянга гаруй оршин суугчийг энэ сарын 30-н хүртэл гэрээсээ гарахгүй байхыг тушаажээ. байна.

Түүнчлэн, Чинхай мужийн нийслэл Шинин хотын эрүүл мэндийн байгууллагууд халдварын дэгдэлтийг зогсоохоор ажиллаж байгаа энэ үед хотын 2.5 сая хүн амын дунд хүнсний хомстол үүсэж, нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийн асуудал газар аваад буйг иргэд хэлжээ. Тэгвэл Шинин хотын захиргааны ажилтан "Халдвар тархах эрсдэлийг бууруулахын тулд хүнсний ногоо, жимс жимсгэнийн зарим дэлгүүрийг хааж, хорио цээрийн дэглэмд оруулсан" гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, эдийн засгийн хувьд Хятадын дөрөв дэх том хот болох Гуанжоугийн олон гудамж, хороололд өнөөдрөөс эхлэн хөл хорьж, Жэнжоу, Датун, Шиан зэрэг бусад томоохон хотод шинэ хязгаарлалтууд тогтоожээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.