600 сая төгрөгийн бооцоот тулаан эхэллээ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулааны тамирчин З.Шинэчагтага нарын бооцоот тулаан дөнгөж сая эхлэв.

Хоёр тамирчны өмнө гурван тулаан болсон бөгөөд 57,5 кг жинд "Мэргэжлийн бокс"-ын төрлөөр "Ихэр бээлий" клубын тамирчин Э.Сүхбат, Э.Баярсайхан нар  тулалдаж,  Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Ханбокс" клубын тамирчин Энх-Амгалангийн Баярсайхан илт давуугаар хожив.

Дараа нь 61 кг жинд "Холимог тулаан"-ы төрлөөр "Наадам центр" төвийн тамирчин Г.Сайханбилэг, "Ширэн бээлий" клубын тамирчин Ч.Отгонбаяр нар тулалдаж, Ч.Отгонбаяр ялав.

Гурав дахь тулаанд "Холимог тулаан"-ы төрлөөр Ц.Түвшинзаяа, Н.Хишигбаяр нар тулалдах байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас тулаан явагдсангүй.

Дөнгөж сая 21:55 цагт МУГТ Э.Цэндбаатар, холимог тулаанч З.Шинэчагтага нарын тулаан албан ёсоор эхэллээ.

Монгол Бөхийн Өргөөнд болж буй тулаанд хоёр тамирчин тус тусдаа 300 сая төгрөгөөр бооцоо тавин 70 кг-ийн жинд мэргэжлийн боксоор тулалдаж байна.

Бооцооны мөнгөний тодорхой хувийг ялсан тал нь сайн үйлсийн аянд зориулна гэдгээ мэдэгдсэн билээ.

Тулааны билет 60 000-120 000 төгрөгийн үнэтэй бөгөөд ирж үзэж амжаагүй хүмүүст зориулж бичлэгийг UNIVISION санд төлбөртэйгээр байршуулна гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.