?Ж.Мөнхсолонго: Манай анги байгууллагад цэргийн дүрмийн бус харилцаа байхгүй гэдгийг батлан хэлье
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч ходоод нь задарч нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл уг асуудлаар Дотоодын цэргийн штабаас дараах мэдээллийг хийлээ.
Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго
-Дотоодын цэргийн 05 дугаар ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирж, цэргийн алба хааж байсан иргэн нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо.
Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс татагдан ирж, алба хааж байв. 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Тухайн өдрийн оройноос буюу 22:00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд анхан шатны амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэсэн. Улмаар тус өдрийн 22:45 цагийн орчимд артерийн даралт доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07:00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн.
Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05:45 цагаас зохион байгуулж, сая дууслаа.
Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.