"Гурил цацагч" Х.Бээжин 2021 онд хоёр жилийн хорих ялаар шийтгүүлжээ
Хэлмэгдэгсдийн хөшөөний урд хоёр хоногийн өмнө буюу 2022 оны тавдугаар сарын 11-нд "Монголоо Беларусь болгохгүй" цуглаан болох үеэр МУГЖ, маэстро Д.Сосорбарам руу "Дэлхийн Монгол ногоон нэгдэл" ТББ-ын тэргүүн Х.Бээжин нарын нөхөд гурил цацсан үйл явдал болсон.
Гэтэл Х.Бээжин нь гурил цацаад явж байх биш, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 сарын 24-ний шийдвэрээр хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүн байх юм.
Яллагдагч Х.Бээжин нь бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хэргийн талаар дурдваас, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр “13” даваа гэх газар байрлан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-ний дагуу үйл ажиллагаа явуулж байсан “Өргөн Ерөө” нөхөрлөлтэй хамтран ажиллаж байсан Н.Дуламхандыг 2019 оны 06 дугаар сард “Та манай төрийн бус байгууллагатай хамтран ажилла, хамтран ажиллахын тулд 50-60 сая төгрөг өг, тэгвэл уурхайн үйл ажиллагаа хэвийн явна, манай Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Голомт хотхоны С блок 31 тоот оффис дээр ирж уулз, хамтарч ажиллахгүй бол цахим орчинд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаль орчныг бохирдуулж байна, хууль бус гадаад улсын иргэдийг ажиллуулж байна гэсэн мэдээ тараана” гэж бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт үйлдэл үйлджээ.
Энэ хэргийнхээ төлөө Х.Бээжинд шүүхээс үргэлжилсэн үйлдлээр бусдыг эд хөрөнгө өгөхийг шаардаж эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасанд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 /есөн зуун/ нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэжээ.
Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдсан эсэх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гарсан талаарх мэдээлэл олдсонгүй. Ийм Х.Бээжингээс энэ талаар тодруулах зорилгоор түүний 9019... дугаартай утас руу залгахад холбогдохгүй байв.
Товчдоо, Х.Бээжин нь хэн нэгэн рүү гурил цацаад явж байх биш, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр өргөст торонд хоригдоод байж байх ёстой хүн болж таарч байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.