БНСУ-д оршин суудаг монгол иргэн баривчилгааны үеэр зугтжээ
БНСУ-д хууль бусаар оршин суудаг монгол иргэн цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа оргон зугтсан бөгөөд албаныхан түүнийг найман цагийн дараа олж илрүүлэн, дахин баривчилжээ.
Хэргийг тодруулбал, Сувон хотын цагдаагийн алба хаагчид энэ сарын 5-ны өдрийн 12:00 цагийн орчимд нэг гадаад хүн солонгос хүнтэй маргалдан, танхайрч байгаа талаар дуудлага хүлээн авсан байна. Ингээд цагдаа нар Гвонсон дүүргийн нэгэн барилгын талбайд ирж, Монгол Улсын харьяалалтай гадаад ажилтан "А"-г шалгахад түүнд гадаад паспорт байхгүй болохыг тогтоожээ.
Үүний дараа, цагдаа нар "А"-г Цагаачлалын тухай хуулийг зөрчсөн хэргээр баривчилсан бөгөөд нэмэлт мөрдөн байцаалт хийхээр түүнийг эргүүлийн машинд суулган, цагдаагийн хэсэгт хүргэсэн аж. Гэвч цагдаагийн хэсэгт ирсний дараа "А" эргүүлийн машинаас буунгуутаа зугтсан байна.
Тухайн үед түүний гарыг гавлаагүй байсан гэж цагдаагийн эх сурвалж мэдээлсэн юм. Албаныхан яаралтай эрэн хайх ажиллагаа явуулж, зугтсан монгол иргэнийг тухайн өдрийн 20:30 цагийн орчимд Гвонсон дүүргийн нэгэн эмнэлгээс илрүүлэн, баривчилжээ.
"А" нь "Намайг албадан гаргах байх гэж айсан" хэмээн цагдаа нарт мэдүүлсэн аж. Албаныхан одоо хэргийг нарийвчлан шалгаж байгаа бөгөөд тус иргэн нь оргон зайлах үеэрээ өөр гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: news1.kr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.