? LIVE: Э.Одбаяр: "Хон хэрэйд"-ийн Б.Энхбат гуайд хэлье. Би танаас айхгүй
“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр хэд хоногийн өмнө Дорнод аймагт гарсан аймшигт ослын бичлэгийг дамжуулсны төлөө цагдаа нарт баривчлагдсан талаараа мэдээлэл өглөө.
“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяр:
Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт маш хэрцгийгээр нэгнийгээ машинаар дайрч байгаа бичлэгийг би олон нийтэд ил болгосон. Уг бичлэгийг олон нийтэд илчилсний төлөө Эрүүгийн цагдаагийн алба хаагчид намайг орон гэрийн минь гаднаас хойшлуулашгүйгээр дайчлан баривчилсан. Баривчилсныхаа дараа наад бичлэгийнхээ эх сурвалжийг бидэнд хэл. Хэлэхгүй бол хуульд заасан арга хэмжээг тооцно гэж дарамталсан.
Үүний өмнөхөн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид намайг үзэл бодлоо илэрхийлсний төлөө мөн дайчлан баривчилсан. Тийм учраас би эрхээ сэргээлгэхийн тулд ХЭҮК-т гомдол гаргаад явж байна.
Намайг дайчлан баривчлах үедээ хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй. Өмгөөлөгчтэйгээ уулзах боломж олгоогүй. Утсанд минь нэгжлэг хийнэ гэж дайрсан. Энэхүү баривчилгаагаа МАН-ын Хуулийн хэлтсээс гаргасан гомдлын дагуу хийж байна гэдгээ ч мөн хэлсэн.
Цагдаа нар намайг хууль бусаар баривчилж, хууль бусаар нотлох баримт бүрдүүлмэгцээ сүүлд нь түүнийгээ хууль ёсны болгоно гэж хэлж ярьж байсан.
Улмаар цагдаагийн хоёр албан тушаалтан намайг нэг өрөөнд оруулмагцаа чи бүхэл бүтэн зуун жилийн түүхтэй цагдаагийн албатай ингэж харьцахгүй шүү. Чамайг энэ удаад ингээд явуулъя. Дараагийн удаад хатуу хандана шүү гэж сүрдүүлсэн. Энэ бүх хууль бүх баривчилгааг хийлгэх гомдлыг МАН-ын хууль зүйн хэлтсийн Амарбат гэдэг хүнээс гаргасан гэж тухайн цагдаа нар хэлсэн. Чи Ерөнхий сайдын нэр төрд халдсан учраас Амарбатын гомдлын дагуу намайг баривчилсан гэсэн.
-Өнөөдөр “Даяар монгол” хөдөлгөөнийхөн чамайг “NO NAADAM” хөдөлгөөнийг гол зохион байгуулсан хүн мөн хэмээн зарлаж, энэ үйлдлийн чинь төлөө зэрэмдэглэнэ гэлээ? Чи тус хөдөлгөөнийг төлбөр мөнгөөр зохион байгуулсан юм уу?
-Би бол “NO NAADAM” хөдөлгөөний идэвхтэй оролцогч мөн. “NO NAADAM” хөдөлгөөнд оролцсон мянга мянган хүнийг ийм байдлаар сүрдүүлж болохгүй. Монгол Улс хуультай улс. Хүнийг эрэмдэглэдэг, зэрэмдэглэдэг, хуулиас гадуур харьцдаг хүн байгаа бол түүнтэй хууль хяналтын байгууллага нь тэмцэх ёстой. Бусдыг зэрэмдэглэдэг, тамладаг зэвсэгт хөдөлгөөнөөс айгаад байх зүйл бидэнд байхгүй. Иргэнийг айлгадаг, ичээдэг рекетрүүдэд хандаж хэлэхэд та нарын яриад байгаа зүйл бүтэшгүй зүйл шүү. Би хятадуудаас санхүүжилт авч жагсаал цуглаан хөдөлгөөн зохион байгуулсан зүйл огт байхгүй. Тэр Б.Энхбат гэдэг ахад хандаж хэлэхэд монгол соёлын төлөө та бид хоёрын хэн нь илүү тэмцсэн бэ гэдгээ яривал би илүү зүйл хийсэн шүү. Монгол соёлын төлөө жагсаад явж байхад та лав ирээгүй шүү. Эрх баригчдын нохойд барьдаг мод шиг байхаа болиорой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.