М.Үнэнбат: Улстөрийн намд удирдах алба хашиж байсан хүнийг ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал хариуцсан гишүүнээр томилуулахгүй
ХЭҮК-ын эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшиж буй хүмүүсийн материалыг УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр 2020 оны арванхоёрдугаар сарын 09-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 09-ний хооронд хүлээн авахад зургаан хүн материалаа ирүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.
Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэрээ дэвшүүлсэн зургаан хүний материалд Хууль зүйн байнгын хорооноос томилсон есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг анхан шатны сонгон шалгаруулалт, хэлэлцүүлэг хийж, шаардлагатай баримт материалыг хянан шалгасны дараа шаардлага хангасан хүмүүсийн нэрсийг олон нийтэд мэдээлж, нээлттэй сонсголд оролцуулах учиртай.
Гэвч нэгдүгээр сарын 09-нөөс хойш Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн хоёр ч удаа хурал зарласан боловч хурлаа хойшлуулсан нь улстөрд нөлөө бүхий хүний лобби орчихов уу гэдэг хардлага сэрдлэгийг дагуулах болсон юм.
Тиймээс УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилсон ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбаттай утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшсэн зургаан хүнийг ажлын хэсэг анхан шатны хэлэлцүүлэгт хэзээ оруулах вэ?
-Ирэх долоо хоногт уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь хоёр ч удаа хурал зарласан боловч хойшилсон.
-Чухам ямар үндэслэлээр хурлаа хойшлуулав?
-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч нь сүүлийн таван жилийн хугацаанд улстөрийн намд удирдах албан тушаал хашсан байх ёсгүй. Гэвч нэр дэвших материалаа ирүүлсэн хүмүүсийн дунд улстөрийн намд удирдах албан тушаал хашиж байсан гэх хүмүүс байгаа учраас уг асуудлыг тодруулж, холбогдох лавлагаа мэдээллийг гаргуулж авахын тулд хурлыг хойшлуулсан.
-ХЭҮК-ын Эрүү шүүлтийн асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчдийн зарим нь 2020 оны УИХ-ын сонгуульд улстөрийн нам, эвслээс нэр дэвшсэн байсан. Эдгээр хүмүүс анхан шатны шалгаруулалтаар хасагдах уу?
-Үгүй. Улстөрийн намд удирдах албан тушаал хашсан хүмүүсийг л хасна гэсэн заалттай болохоос биш намын гишүүнийг хасна гэсэн заалт байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.