Улаанбаатар хотод 3 дугаар сарын 10-наас сурагчид танхимаар хичээллэхгүй

Сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 10-наас шат дараатай нээх Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарсан. Үүн дээр ойлголтын зөрүү гарч, Монгол орон даяар танхимаар хичээллэнэ гэсэн ташаа ойлголт байгааг өнөөдрийн УОК-ын мэдээллээр залрууллаа. 

ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 21-ээс дээш хоног халдвар илрээгүй бүсийг "ногоон бүс" хэмээн зарлаж байгаа. Монгол орны 21 аймагт сүүлийн 21 хоногт халдвар илрээгүй учир тус аймгуудад сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 10-наас шат дараатай нээх Засгийн газрын шийдвэр гарчээ. 

Харин Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хувьд гуравдугаар сарын 10-наас нээгдэхгүй гэдгийг өнөөдөр албан ёсоор анхааррууллаа. "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний хүрээнд шинээр 13 голомт илэрсэн, халдвар дахин илрэх өндөр магадлалтай хэд хэдэн хороо /дэлгэрэнгүй уншина уу/ байгаа учир халдварын голомтод дахин дүгнэлт хийж, сургууль, цэцэрлэгийг нээх эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ хэмээн УОК-оос мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот "ногоон бүс" болж чадаагүй байгаа учир танхимаар хичээллэх цаг нь болоогүй гэж Монгол улсын Засгийн газар үзэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.