Ц.Ганзориг: Гуравдугаар сард БНСУ, Япон, Европ, Казахстанаас иргэдээ татна
Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг татан авах УОК-ын шийдвэр эхнээсээ гарч эхэлжээ. Энэ талаар өнөөдрийн /2021.02.17/ ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр дараах мэдээллийг хийлээ.
ЗГХЭГ-ын ХМХХ- ийн дарга Ц.Ганзориг "Өчигдөр УОК-оос шийдвэр гарсан. Гадаад харилцааны яам иргэдээ татан авах ажлыг хариуцан ажиллаж байгаа. Гадаадад байгаа яаралтай ирэх хүсэлтээ өгсөн 9143 иргэн бий. Нэмэлт судалгаа авахад 2700 орчим иргэн "нэн яаралтай ирье" гэсэн хүсэлт ирүүлсэн.
Гуравдугаар сард 12 удаагийн тусгай үүргийн нислэг нисгэнэ. БНСУ руу зургаа, Токио руу хоёр, Европ руу хоёр, Казахстан руу нэг удаагийн нислэг үйлдэнэ. Харин дөрөвдүгээр сард 12-14 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Удахгүй нислэгүүдийн тов болон чиглэлийг ГХЯ-аас зарлана. Шадар сайдын гаргасан саналын дагуу нислэгийн тийзийн үнийг бууруулахаар судалж байна. Гадаадаас ирсэн иргэд хоногийн 50.000 төгрөгийн төлбөртэй тусгаарлах байранд байрлаж болно. Үнийн сонголтоос хамаарч гурван шатлалтай болгоно. Хүссэн иргэн хүссэн буудлаа сонгоод нэмж төлбөрөө төлж болно" гэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Амбасэлмаа "Вирусийн халдварын нууц үеийн хугацаа 14 хоног хэвээр байгаа. Коронавирусийн шинэ мутацид орсон улс орнуудаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлана. Бусад улс орноос ирж буй иргэд 10 хоног тусгаарлагдана. Үлдсэн дөрөв хоногийг гэрт нь тусгаарлаж, өрхийн эмнэлгийн хяналтад шилжүүлнэ.
Гадны улс орноос ирэхдээ тухайн иргэн вакцин тариулаад ирж болно. Сертификаттай иргэнийг долоо хоног тусгаарлана. Долоо дахь хоног дээр нь антител үүссэн эсэхийг шинжилж үзнэ. Үүссэн байвал тусгаарлах байрнаас гаргана" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.