Г.Занданшатар: Ерөнхийлөгч төсвийн хууль зөрчиж нэг сая төгрөг олго гэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ кабинетын сайд нарын хамтаар ирэх гурван жилд 10 их наяд төгрөгийн төлөвлөгөө гарган ажиллах болсноо Төрийн ордонд танилцууллаа.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн зүгээс санаачилсан өрх бүрт нэг сая төгрөг олгох боломж манай улсад байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ-ын дарга дараах хариултыг өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

"Ээлжит бус чуулгантай холбоотой асуудлаар гурван зүйл хэлье. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу төсвийн тодотгол хийхдээ заавал Засгийн газраас санал авч байж төсвийн тодотгол, төсвийн хууль санаачлах зарчимтай. Хамаа замбараагүй төсөв зарж, үргүй зардал гаргаж болохгүй.  

Өгве гэсэн ч өгөх мөнгө улсад байхгүй. УИХ дээр хараат бус төсвийн шинжилгээний алба, эрх зүйн шинжилгээний алба гэж тус тусад нь байгуулсан. Төсвийн шинжилгээний алба "Ийм мөнгө манай улсад орж ирээгүй байна" гэж албан ёсоор мэдэгдсэн. Монгол Улс 897,417 мянган өрхтэй. Нэг их наяд төгрөг төрийн нэгдсэн санд орж ирээгүй.

Тогтоолоор мөнгө хувиарлах санал орж ирсэн.. Ийм хуультай. Иймд байхгүй мөнгөний төлөө бид ээлжит бус чуулган хуралдуулж энэ асуудлыг хэлэлцүүлэх боломжгүй байна.

Хоёрдугаарт, Халамжийн тухай судалгааны сонирхолтой дүгнэлт гарсан. Халамжийг оновчтой болгох ёстой шүү дээ. 

Инфляцид валютын ханш нөлөөлөхгүй. Мөнгө хэдийгээр хэвлэгдсэн ч гэсэн Монгол Улсын валютын нөөц 2020 оны эцсээр 4.5 тэрбум долларт хүрсэн. Олон Улсын байгууллагууд 3.0 тэрбум доллар дээр та нар барьж чадвал их юм гэж байсан бол нэмж 1,5 тэрбум долларын орон зай эдийн засагт байна гэдэг нь батлагдсан. Эдийн засгийн хүндрэлийн үед дэлхийн бүх улс орон мөнгө хэвлэж байж бэрхшээлийг давж байна. Хэмжээнд нь л барих ёстой.

Гуравдугаарт, Эх үүсвэрийн хувьд нэг зүйл хэлье. 53 тонн алтны нөөцтай Хармагтайн ордыг УУХҮЯ, "Эрдэнэс силвер ресурс", "Эрдэнэс MGL" компаниуд хамтран хайгуул судалгааг нь хийж, урьдчилсан байдлаар нөөцийг тогтоосон. Энэ нөөц цаашид ч нэмэгдэнэ. Өнөөдрийн ханшаар 53 тонн алт бол 3.1 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөг. Цаана нь Баянхонгорийн Алтан нарийн талын нөөц ч бий. Манай Улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа үед валютын нөөц өссөн нь алтны үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Эрдэнэт, Оюутолгой шиг том орд ч болж хөгжих боломжтой ордод хайгуул хийж байна. 

"Эрдэнэс силвер ресурс", "Салхитын мөнгөний орд"-ыг эргэлтэд оруулсан. Өнгөрсөн жил уг ордын мөнгөөр тэтгэвэрийн зээлийг тэглэсэн. . "Эрдэнэс силвер ресурс"-ийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 763 тэрбум төгрөг олж ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн юм шүү. Өчигдрийн байдлаар 105 тэрбум төгрөг Монголбанканд хуримтлагдаад байна. Нийт 210 мянган ахмадад өгөх 210 тэрбум төгрөг шаардлагатай байгаа" гэлээ. 

Мөн, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Ний нуугүй хэлэхэд би хувь хүнийхээ хувьд нэг сая төгрөг бэлэн тараах Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй байгаа. Мөнгө гаргах бол тэр нь хөдөлмөр, бүтээмж рүү чиглэх учиртай. Энэ бол миний байр суурь, дотоод философи" хэмээн мэдэгдэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.