АНУ-ын мэдээллийн агентлаг Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн эргэлтэд буруутгагдаж байгаа гэжээ

АНУ-ын "New York City Post" агентлагаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн талаар бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Азийн зүрхэнд ОХУ, БНХАУ хэмээх хоёр том хүчний хооронд орших ашигт малтмалаар баялаг энэхүү улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрийг хүртэл коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байсан юм.

Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, хилээ хаан, хөл хорио тогтоосон. Энэ амжилтын ачаар Монголын ард түмэн Монгол Ардын Намд итгэл хүлээлгэж, тус нам нь УИХ-ын сонгуульд олонх болж ялсан билээ.

2020 оны нэгдүгээр сарын 19-ний шөнө дөнгөж төрсөн залуухан эмэгтэйг улсын төрөх эмнэлгээс зөвхөн углааш, халаад өмсгөн, нүүрийг нь дэрээр даран авч явж байгаа бичлэг ил болжээ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бөгөөд өвөлдөө 40 градус хүйтэн байх нь ч бий.

Гэвч үүний маргааш болох үйл явдлыг төрийн дээд албан тушаалтнууд ч таамаглаж чадахааргүй байсан юм. Тус улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх огцрохоо мэдэгдэн, танхимаа тараасан билээ.

Ерөнхий сайдыг сайн дураараа огцрох асуудлаар санал хурааж байсан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үг хэлж, төрийн эргэлтийн талаар ноцтой мэдэгдэл хийн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг удаа дараа шүүмжилжээ. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийг тайван жагсаалыг Засгийн газрын эргэлт болгож, иргэдийн дунд эмх замбараагүй байдлыг өдөөсөн хэмээн буруутгасан байна. Тэрээр мөн Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсныг нотлох хангалттай нотолгоотой хэмээн тэмдэглээд, эдгээрийг УИХ-д илчлэхээр төлөвлөж байгаагаа зарласан юм.

Түүнчлэн Х.Нямбаатар сайд Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүгч нарыг албан өрөөндөө дуудан, өндөр албан тушаалтнуудын шүүхийн хэргүүдтэй холбоотой тушаал өгөн, албан тушаалаа урвуулан ашигласан хэмээгээд, УИХ-аас Ерөнхийлөгчид хариуцлага хүлээлгэн, импийчмент оноох ёстой хэмээн дүгнэсэн байна.

Ажиглагчид Монгол Улсад болсон эсэргүүцлийн жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн оппортунист үйлдэл гэж харж байгаа юм. Саяхан Ерөнхийлөгчийн охины оффшор данс, компаниуд ил болоод байгаа бөгөөд Монгол Улсын хуулийг зөрчсөн эдгээр үйлдлийн улмаас Х.Баттулга олон нийтээс ихээхэн дарамт шахалт амсаж байгаа билээ.

Мөн 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн дагуу Х.Баттулга нь удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгчийн албан тушаалд хоёр дахь удаагаа нэр дэвшихийн тулд хуулийн тулаан хийх хэрэгтэй болоод байгаа юм.

Эх сурвалж: https://www.nycpost.org/?p=431

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.