LIVE: Боловсролын зээлээр суралцдаг 11 мянган оюутан жилийн чөлөө авах нөхцөл бүрдээд байна
"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас үүдэн манай улс Боловсролын зээлээ танаж байгаагаа мэдэгдсэн. Ирэх оны төсөвт Боловсролын зээлийн төсөв бараг суугаагүй. Гэвч боловсролын зээлээр суралцдаг 11 мянга гаруй оюутан сургалтын төлбөрийн өрөнд унаад байна. Уг асуудлаар бид тэдгээр 11 мянган оюутны төлөөлөл Б.Номуундарьтай ярилцлаа.
Оюутан Б.Номуундарь: Би сургалтын зээл авч сураад, хажуугаар нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан
-Би Боловсролын зээлийг гарсан цагаас нь эхэлж авсан. Энэ жил төгсөх курсийн оюутан. Сургуулиа төгсөөд зургаан жилийн дотор төлөх энэ зээл оюутнууд бидэнд маш том боломж байсан. Гэтэл "ковид-19"-өөс үүдээд төлбөр зогсоож, таналт хийсэн. Мөн Өнгөрсөн жилийн тал төлбөр орж ирээгүй.
Би өрх толгойлсон ээжийн айлын том охин. Доороо гурван дүүтэй. Манай ээж дүү нарыг маань хардаг. Манайх хүүхдийн халамжийн мөнгөөр амьдардаг айл.
Би суралцаж байх хугацаандаа хичээлийнхээ хажуугаар ажиллаад, авсан цалингаасаа хэрэгцээгээ зохицуулдаг байсан. Өөрийн хэрэгцээнээсээ гадна дүү нарынхаа хэрэгцээнд мөнгө зарцуулдаг.
Манайх нийтийн байр түрээсэлж амьдардаг. Гэтэл одоо түрээсээ төлж чадахгүйд хүрсэн. Ингээд хамаг төлбөр, мөнгө овоорсон дээр нэмээд сургалтын төлбөр гэдэг асуудал гарч ирсэн. Ээжийнхээ санааг зовоохгүйн тулд хэлээгүй. Гэтэл ээж маань мэдээд, санаашраад л үлдсэн.
Би анх хагас өнчин гэдгээрээ тэтгэлэг авч байсан. Одоо бол ямар ч зээл, тэтгэлэг байхгүй. Сургуулийн зүгээс биднийг хөсөр хаяагүй, цахим хичээл оруулаад харж үзэж байна.
Гэтэл 30 онооны шалгалтаа өгөхийн тулд би төлбөрөө төлөх шаардлагатай. Одоогоор би гурван сая төгрөгийн сургалтын төлбөрийн өртэй болсон.
-Засгийн газраас гаргасан тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр суралцвал зээл олгоно гэсэн байна?
-Би харсан л даа. Гэхдээ тэр болгон оюутнууд сонгон суралцдаггүй мэргэжлүүд байсан. Бид мэргэжлээ сонгохдоо өөрийн үзэл баримтлал, хүсэл зорилгынхоо дагуу сонгоно. Гэтэл цөөн хэдэн мэргэжлийг сонгоод бусдыг нь хаяж байна. Би Нийгмийн ажилтнаар суралцдаг. Би өөрийнхөө мэргэжлийг ямар ч хэрэггүй мэргэжил учраас сонгоогүй. Манай улсад нийгмийн ажилтан хамгийн их хэрэгтэй мэргэжил. Над шиг амьдралтай мянган мянган оюутан залууст дэм болохсон, гарц гаргалгаа зааж өгөхсөн гэж сонгосон. Гэтэл миний мэргэжлийг ялгаварлан гадуурхах зүйлийг төр засаг өөрсдөө гаргаж байна.
-Сургуулиас нь ямар хариу өгсөн бэ. Шалгалт нь яг хэзээ эхлэх гэж байна?
-Сургуулийн зүгээс арай уян хатан нөхцөлөөр хандаж байгаа ч шалгалтанд оруулах боломжгүй гэж байгаа. 30 онооны шалгалтаа өгөхийн тулд төлбөрийнхөө 50-70 хувийг төлөх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Би шалгалтандаа орж чадахгүйд хүрч байна. Хамгийн гол нь өнгөрсөн жилийн төлбөрийн тал нь орж ирэхгүй байгаа нь маш том дарамт болж байна. Анхнаасаа сайн нягталж, зээл авах ёстой байсан юм шиг байна.
-Хэдэн оюутан ийм нөхцөлд ороод байгаа бол?
-Манай улсад Боловсролын зээлийг зогсоосон л гэдэг мэдээ өгснөөс биш хэдий хугацаанд, яаж хасч байгаа нь маш тодорхойгүй. Энэ зээлийг авч байгаа 11 мянган оюутан бий. Тэдгээр хүүхдүүд бүгдээрээ боломжгүй болоод л зээл авсан. Одоо энэ хүүхдүүд сургуулиа хаях уу, яах вэ гэдэг нөхцөлд байна. Тэр оюутнуудаас гадна, ар гэр нь давхар хохирч байна.
-Монголын оюутны холбооноос ямар нэгэн байр сууриа илэрхийлсэн үү?
-Албан бичиг өгсөн гэдэг л хариу өгсөн. Өөрөөр ямар нэгэн тэмцэл алга байна. Бид дуу хоолойгоо илэрхийлэх гээд "ковид-19"-ийн нөхцөл байдлаас болоод төдийлөн тэмцэж, дуу хоолойгоо хүргэж чадахгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.