Улсын ерөнхийлөгч, Улаанбаатарын засаг нарын булган сүүл

Улсын ерөнхийлөгч нь бөх

Улаанбаатарын захирагч нь бөх

Миний эх орон бөхийн орон билээ л...

Нийслэлийн засаг даргаас гадна хэд хэдэн аймаг, дүүрэг засаг даргаа томилоод байгаа бол сумдын томилгоо ч мөн тодорсоор байна.

Улаанбаатар хотын захирагчаар УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын аварга Д.Сумъяабазар томилогдсон. Түүнийг дагаад ч тэр үү, угаасаа ч ингэж таарав уу нэлээд хэдэн бөх засаг дарга болжээ. Угаас бөх ерөнхийлөгчтэйгээ монголчууд мэдэх хуна, сануулах нь илүүц биз ээ.

Улсын начин Амарын Батмөнх Цагаан-Үүр сумын засаг даргаар томилогджээ

Улсын начин Амарын Батмөнх бол Уйлган голоос төрсөн гурван аваргын залгамж гэгдэж, ид барилдаж ахуйдаа бөх сонирхогчдыг уран, гоё барилдаанаараа шуугиулж явсан нэгэн. Өнөөдөр ийнхүү засаг ноёны суудалд тухалжээ. Тэрээр үндэсний бөхөөс гадна жүдогоор хичээллэж, чамгүй амжилт гаргасан нэгэн. Тэрээр 2011 онд Улсын начин цолыг хүртэж байжээ. 

Булган аймгийн засаг дарга Аймгийн арслан, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ

Тэрээр Монголын самбо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг.

ОУХМ Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын 8 удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, Зүүн Азийн наадмын хүрэл, Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай тамирчин юм.

Аймгийн заан Р.Сэддорж Өмнөговь аймгийн Засаг даргаар сонгогдсон байна

Түүний хувьд жижиг Тавантолгойн захирлаар ажиллаж байсан. Ийнхүү засаг дарга болжээ. 

Одоо мэдэгдэж буйгаар арав гаруй бөх ийнхүү засаг даргын суудалд заларчээ. Харин түүний цаана ил тод зарлаагүй хэдэн бөх сум, аймгийн засаг дарга болох нь тодорхойгүй байна. Зарим иргэдийн  тохуурхангуй бичсэн шүлэгт бол Хэний аймгийн Биндэр, Норовлин, Хөвсгөл аймгийн Мөрөн сумдын засаг дарга нар ч мөн бөх ажээ.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын засаг даргаар аймгийн начин М.Насанбат  ажиллана

Тэрээр өөрийн цахим хуудаснаа: 

"Тонхил сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан 2020.11.03-ны өдөр хуралдаж тус хуралдаанаар сумын ИТХ-ын даргаар Галсангийн Чимэд-Очирийг 76.4 хувийн саналаар, сумын Засаг даргаар Мэндсайханы Насанбат миний биеийг 100 хувийн саналаар сонголоо. Итгэл хүлээлгэж байгаа сумын ИТХ-ын төлөөлөгчид, ард иргэд та бүхэндээ баярлалаа. Хичээн ажиллах болно." хэмээжээ. 

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын засаг даргаар аймгийн арслан Э.Саранбаатар томилогджээ

Бас нэгэн бөх засаг нэмэгдэж байна. Энэ бол Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргаар аймгийн арслан Эрдэнэжавын Саранбаатарыг томилжээ. Түүнйи аав болон нагац ах нар нь аймгийн хурц арслангууд бөгөөд түүнийг удам дагасан бөх гэдэг билээ. 

Зохиогч нь үл мэдэгдэх шүлэг:

Улсын ерөнхийлөгч нь

"Дэлхийн аварга" бөх

Улаанбаатарын захирагч нь

"Улсын аварга" бөх

Хан Хэнтийн Бат-Эрдэнэ гишүүн

"Дархан аварга" бөх

Харьшгүй хүчит Цэрэнпунцаг "Улсын гарьд" бөх

Манай Мөрөнгийн Засаг дарга "Аймгийн арслан" бөх

Маргах юмгүй Биндэрийн Эрхэмбаяр

"Сумын начин" бөх

Норовлингийн Ариунбилэг "Аймгийн начин" бөх

Номин хөх тэнгэрийн Монгол минь бөхийн орон юмаа...

Олимпийн хорооны ерөнхийлөгч нь

"Улсын заан" бөх

Одоогийн спорт хорооны дарга

"Аймгийн начин" бөх

"Маск"-ын Магнай

"Сумын начин" бөх

Манай Монгол бөхийн өлгий юмаа...

Бөх дагаад бөхийсөн нь үгүй ээ!

Бүүр доошлоод махийсан нь ч үгүй ээ!

Бөхөө хайрлаад тахийсан нь үгүй ээ!

Бүрэн эрхт Монгол минь яхийсан нь ч үгүй ээ!

Бид өмнө нь УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан эрхмүүдээр "Бөх бол төр юм" гэх нийтлэл хүргэж байсан билээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.