82 настай, саажилттай Д.Баттөр гуай онгоцонд багтахын тулд Инчеоны нисэх буудал дээр иржээ
Улсын онцгой комиссоос өнөөдөр/2020.04.08/Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн онгоц дахин нисгэж иргэдээ авчрахаа мэдэгдээд буй. Гэвч энэ онгоцонд зарим хөгжлийн бэрхшээлтэй, хөгшин настай хүмүүс багтаж чадахгүй болжээ.
Тухайлбал, 82 настай, саажилттай Д.Баттөр гэх хүн БНСУ руу эмчилгээгээр яваад 02-р сарын 27-ноос хойш нутаг буцах гээд чадахгүй байгаа юм байна.
Д.Баттөр гуайн үр хүүхдүүд нь аавыгаа авч Солонгос улсад суух ЭСЯ-ны гадаа хэд хэд очиж, 653 удаа утсаар залгаад ч тусыг эс олсон байна. Арга ядахдаа тэд яг одоо/2020.04.08 10:00/ Инчеоны нисэх онгоцны буудал дээр аавыгаа дагуулан очжээ.
Монгол улсын Хөдөлмөрийн Баатар Дорж овогтой Баттөр гуай Солонгос дахь ЭСЯ болон УОК-д гомдол гаргажээ.
Солонгос дахь ЭСЯ болон УОК-д гомдол гаргах нь:
Миний бие Д. БАТТӨР нь 82 настай. Цусны даралт харвалтын улмаас биеийн нэг тал саажилттай болсны улмаас Солонгос улсад эмчилгээнд ирж эмчлүүлдэг. Улмаар 2-р сарын 25н-д эх орондоо буцах нислэгийн тийзтэй байсан боловч нислэг зогссон шалтгаанаар явж чадаагүй ба 2-р сарын 27-нд визний хугацаа дуусч дахин бичиг баримт бүрдүүлж очтол визний хугацаа дуусахаас өмнө ирэх ёстой шалтгаанаар сунгах боломжгүй гэсэн хариу авсан боловч учир байдлыг ойлгуулж гуйж байж 4-р сарын 18 хүртэл сунгагдсан ба дахин сунгах боломжгүй гэж анхааруулсан.
03-р сарын 11-нд мөн бүртгэж өгөөгүй ингээд 2 удаа бүртгэлд хамруулж өгсөнгүй. Солонгос дахь Элчин сайдтай 04-р сарын 2-нд холбогдож учир байдлаа танилцуулахад хамгийн эхний нислэг тодорхой шийд гарахаар буцах асуудалд анхаарч өгнө гэж хэлсэн. Гэвч 04-р сарын 8-ны нислэгийн тов гарангуут холбогдох гэж нийт 653 удаа залгасан ч нэг ч удаа утсаа авсангүй.
Миний бие Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд залуу нас сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөж ирсэн ба Улсаас миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Хөдөлмөрийн Баатар цолоор шагнагдсан.
1.Миний нас 82, өндөр настан
2. Саажилт (тэргэнцэртэй)
3.Виз сунгагдах боломжгүй... гэх мэт олон шалтгаан байхад хүндэтгэх шалтгаанд орохгүй бол өөр ямар шалтгаан хэрэгтэйг тодруулж өгнө үү?
ЭСЯ хөл хориотой учраас очоод уулзах боломжгүй холбогдох утсаа авахгүй одоо бид хаана хандах ёстой вэ?
Мөн тэнд надтай адил яах учраа олохгүй олон иргэд ЭСЯ-ны үүдэнд сууж байсан. Иргэдэд үйлчлэх үүрэг хариуцлагатай томилогдсон Элчин сайд танаас дахин асууя. Бид хэнд хандах вэ хүний нутагт?
Цахим ертөнц хөгжсөн хөгжилт нийгэмд амьдарч буй та иргэддээ өөрийн нүүр царайгаар мэдээлэл хийхийг хүсч байна. Энэ асуудал орхигдож болохгүй том асуудал үүсэхээс урьтаж иргэддээ үйлчилнэ үү?
Хүндэтгэсэн Д. Баттөр
Энэ удаагийн нислэгт хууль бусаар амьдарч байгаад хоригдон саатуулагдаж байсан 20 орчим иргэн багтсан байна. Эдгээр иргэдийн зарим нь 40-60 хоног тусгай байранд хоригдсон байна. Онгоц 13:00 цагаас хөөрч, Буянт-Ухаад 17 цагт газардана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.