Б.Дэжид: “South gobi trans” компанийн эсрэг Ерөнхий сайд хөдлөхгүй байна
Сурвалжлагч Э.Цэлмэг
Өмнөговь аймгийн малчид бэлчээр хамгаалах асуудлаар Ерөнхий сайдад албан бичиг хүргэх талаар тус аймгийн Гурван тэс сумын иргэд мэдээлэл хийлээ.
Тус аймгийн Тост, Тосон бумбын нурууны болох 896,524.44 га газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай орон нутгийн ИТХ-аар хэлэлцэж гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус газрыг Улсын тусгай хамгаалалтад авчээ. Гэвч Засгийн газрын эрхийн хүрээнд хилийн зааг тогтоох шийдвэрээр тус газарт багтаж байсан "South gobi trans” компанийн газрыг үлдээж, 730,000 га газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр дахин гаргасан байна.
Уг шийдвэрийг Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид эсэргүүцэн өнөөдрийг хүртэл хүсэлт хүргүүлсээр байгаа аж.
"South Gobi Trans” компанийн хууль бус үйл ажиллагааг хууль эрх зүйн мэргэжлийн баг бүрдүүлэн шалгасны үндсэн дээр хэд хэдэн зөрчил илрүүлжээ.
- "South gobi trans” компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг хууль бусаар олгожээ. Үүнийг байгалийн баялгийг хууль бусаар олборлосон гэж үзэх юм.
- Тус компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлагдаагүй байхад олборлолт хийж эхэлжээ.
- Тус компани Ашигт малтмалын тухай хуулийн 40.2 дахь заалтыг зөрчсөн.
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Дэжид “Өмнө нь Ерөнхий сайд тусгайгийнхантай очоод уул уурхайн компанийг зогсоох үйл ажиллагаа хийж байсан гэтэл Гурван тэс сумын асуудал хэвлэл мэдээллээр бүтэн дөрвөн сар яригдаж байхад Ерөнхий сайд огт хөдөлсөнгүй. Өнөөгийн төр засгийн удирдлагууд өөрсдийнхөө сонирхсон уул, уурхайн асуудал дээр сонирхлоороо очиж зогсоож байна. Гэтэл Ерөнхий сайд ард түмнийхээ талд байж чадахгүй байгаад орон нутгийн иргэд эмзэглэж байна” гэсэн юм.
“South gobi trans” компанийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээг түдгэлзүүлж өгнө үү гэж салбар яаманд хандсан ч өнөөг хүртэл шийдээгүй.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын шийдвэрээс хамаарч бид шүүхэд хандах, эсэхээ шийднэ. Нутгийн малчид, иргэд баг бүрдүүлэн ажиллаж байна. Бид энэ компани хууль зөрчсөнийг хангалттай баримтаар нотоллоо. Захиргааны актад үндэслэн энэ компанийн үйл ажиллагааг зогсоох бүрэн боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.