Зеленський: Орос улс гал зогсоох тухай мэдэгдлийг үл харгалзан цохилтоо үргэлжлүүлж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ болон Украиныг эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөхгүй байх тохиролцоонд хүрсэн гэж зарласан ч Оросын тал Украины хотууд руу халдан довтолсоор байгааг Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Цагаан ордны тэргүүн олон нийтийн сүлжээгээр дамжуулан уг шийдвэрийг танилцуулсан боловч Киевийн эрх баригчид үүнд албан ёсоор нэгдээгүй бөгөөд Москва ч халдлагаа зогсоох хүсэлгүй байгааг тэмдэглэсэн байна.
Дональд Трамп өөрийн цахим хуудсаар дамжуулан талуудыг эрчим хүчний түр гал зогсоох тохиролцоонд хүрснийг зарлаж, энэ шийдвэрийг зөрчихгүй байхыг сануулсан юм. Тэрбээр өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд хийх цохилтыг зогсоох, түүнчлэн Оросын дизель түлшний хоригийг цуцлах саналыг дэвшүүлж байв.
Гэвч Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Оросын зэвсэгт хүчин нийслэл Киев болон Харьков хотын эрчим хүчний сүлжээ рүү дахин довтолжээ. Украины албаныхны мэдээлснээр халдлагын уршгаар Харьков дахь цахилгаан станц, байгалийн хийн олборлох цэгүүд болон шатахуун түгээх станц зэрэг нийт зургаан дэд бүтцийн объект сүйдсэн байна. Харьков хотыг чиглэсэн 15 дроны дайралтад хүүхэд оролцсон 12 иргэн өртөж гэмтсэн бөгөөд даваа гаргийн нийт цохилтын улмаас 33 хүн шархдаж, Киевийн зарим дүүрэг тог цахилгаангүй болжээ.
Варшавын аюулгүй байдлын чуулганд үг хэлэх үеэрээ Владимир Зеленский энэхүү мэдэгдэлд гайхширч буйгаа илэрхийлсэн байна. Тухайн үед Киев хот Оросын дроны дайралтад өртөж байсныг тэрбээр сануулаад, Владимир Путин олон нийтийн сүлжээг уншдаггүй нь тодорхой байна хэмээн хошигножээ. Түүнчлэн тэрбээр "Fox News" сувгийн "America's Newsroom" нэвтрүүлэгт ярихдаа, Украин уг мэдээллийн дараа Оросын эрчим хүчний байгууламжуудад хариу цохилт өгөхөөс түр татгалзаад байгааг онцолсон юм.
Эх сурвалж:
•
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.