🔴Ц.Сандаг-Очир: Баавгай дахиж хүний аминд хүрэхгүй гэх баталгаа байхгүй
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир баавгай суурьшлын бүсэд орж ирж, хүний аминд хүрсэн асуудлаар мэдээлэл өглөө.
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-Баавгайн идэш тэжээл хомстсоноос болж аргагүйн эрхэнд төв суурин газар, хоол тэжээл бараадан орж ирж байна гэсэн дүгнэлттэй байна. Энэ нь зөвхөн Монголд тохиолдож буй асуудал биш юм. АНУ, Канад, Япон, ОХУ-д ч баавгай суурьшлын бүсэд олон арваараа орж ирж байгаа.
Яамны зүгээс намраас эхлэн сэрэмжлүүлэг өгч ажилласан. Баавгай үргээх, унтуулах буу хэрэгсэл нь дэлгүүрээс шууд очоод худалдаж авчихдаг эд биш. Монгол Улсын ангийн дэлгүүрүүдэд ч бэлэн буу байхгүй байна. Эдгээр нь тусгай зөвшөөрөл шаарддаг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг асуудал юм.
Цахим сүлжээгээр яригдаж буй үнэ ханшийн талаар ташаа мэдээлэл түгсэн. Бид олон улсын зах зээлийн үнийг судалж байж худалдан авалтыг зохион байгуулж байгаа. Энд ямар нэгэн ашиг хонжоо хайсан зорилго байхгүй. Мэргэжлийн байгууллагуудаас өгсөн саналын хүрээнд буу, дагалдах хоёр гол төмөр, олон төрлийн тусгай сум, бодис зэрэг 10 гаруй нэр төрлийн иж бүрдлийг нийлүүлж байгаа зах зээлийн үнэ.
Хөдөө орон нутагт өвөлжөөндөө бууж буй малчид цөөн бүлтэй тул үнэхээр айдастай байна. Тиймээс иргэдийг өөрсдийн боломжит бүх түвшинд амь нас, эд хөрөнгө, малаа хамгаалах арга хэмжээ авахыг сануулж байна.
Төсвийн хэмнэлттэй холбоотойгоор шатахууны хомстол үүссэн байсныг шийдвэрлэж, Засгийн газраас нэг тэрбум 88 сая төгрөгийг шийдвэрлэсэн. Энэ төсөвт амьд баригч тор, унтуулагч буу, цацлага, шатахуун болон томилолтын зардал багтаж байна.
Хэрэв салбарын сайдын хувьд хариуцлага хүлээх шаардлагатай гэж үзвэл энэ нь Засгийн газрын тэргүүний эрх мэдлийн асуудал. Хөвчийн ан амьтан ингэж уулнаас олноороо бууж ирнэ гэдгийг хэн ч урьдчилж мэдээгүй. Тавдугаар сарын 20-ноос баавгай бууж ирж буй дуудлага анх ирсэн. Бид анх сэрэмжлүүлэг хүргэхэд Засгийн газрын хуралдаан дээр хүртэл шоолох хандлагатай байсан ч дараа нь Ерөнхий сайд үүнийг "Тоглоом биш, аюулгүй байдлын чухал асуудал тул онцгой анхаар" гэж үүрэг болгосон. Бид хүний амь нас хохирохоос сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна.
Аравдугаар сарын 7-ны өдөр манай яамны төлөөлөл эмнэлэгт очиж, хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзан эмгэнэл илэрхийлж, санал хүсэлтийг нь сонссон. Ар гэрийн зүгээс баавгайг устгаж өгөх хүсэлт тавьсан. Нөхөн төлбөрийн асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар ярьсан ч одоогийн Гамшгаас хамгаалах тухай хуульд зуд, шуурга, гал, усны аюул зэрэг цаг агаарын үзэгдлийг л гамшигт тооцдог тул зэрлэг амьтны халдлагыг гамшгийн нөхцөлд хамруулах боломжгүй гэх тайлбарыг өгсөн. Гэхдээ хүний амь нас эрсэдсэн тул нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид холбогдох хуульд өөрчлөлт оруулах саналыг УОК-ын тэмдэглэлд тусгуулсан. Харин ар гэрийн орон байрны асуудлыг тухайн дүүргийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэхээр болсон гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.