"Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх" сургалт эхэллээ
Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх” хамтарсан сургалт өнөөдөр эхэллээ.
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвтэй хамтран зохион байгуулж буй тус сургалтад төв байгууллага, хилийн боомт болон орон нутаг дахь нэгжийн 40 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн дэд дарга И Ху Вон, КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Со Хён Жэ болон бусад холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Тус сургалт нь КОЙКА-ийн санхүүжилтээр 2023-2025 онд хэрэгжүүлсэн “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг бататгаж, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой төслийн дараах газар дээрх хөтөлбөр юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ КОЙКА болон БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн хамтын ажиллагааны үр дүнг онцоллоо. Төслийн хүрээнд тус газрын 30 гаруй албан хаагч БНСУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж, шилжилт хөдөлгөөний удирдлага, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээний чиглэлээр төсөл боловсруулж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд албан хаагчдын боловсруулсан уг төсөл нь КОЙКА-ийн хэрэгжүүлсэн шилдэг 20 төслийн нэгээр шалгарсан нь хамтын ажиллагааны бодит үр дүнг илтгэж байгааг тодотгов.
БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн дэд дарга И Ху Вон хэлсэн үгэндээ энэ удаагийн сургалтаар эзэмшсэн мэдлэг, туршлагаа хамт олондоо түгээх, хуваалцах, өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр үр дүн нь хэмжигдэнэ. Тиймээс гадаадын иргэний оршин суух зөвшөөрөлтэй холбоотой ажлын үйл явц, шийдвэр гаргах үндэслэлийг цэгцлэх, дотоод сургалтын материал боловсруулах, мэдээлэл, өгөгдлийг бодлогын шийдвэр гаргахад ашиглах чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцахаа илэрхийллээ.
Харин КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Со Хён Жэ сургалтыг зохион байгуулахад хамтран ажиллаж буй байгууллагуудад талархал илэрхийлээд, 2023-2025 онд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд оршин суух зөвшөөрлийн удирдлага, цагаачлалын хяналт, ухаалаг цагаачлалын удирдлага, өгөгдөлд суурилсан захиргааны чиглэлээр туршлага солилцсон. Энэ удаагийн сургалт нь өмнөх гурван жилийн хамтын ажиллагааны үр дүнг бодит үйл ажиллагаандаа нэвтрүүлж, тогтвортой хэвшүүлэх чухал үе шат болохыг тэмдэглэв.
Уг сургалт нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн судлаачид, мэргэжилтнүүд оршин суух зөвшөөрөл олгох үйл ажиллагааны үе шат, холбогдох статистик үзүүлэлт, сургалтын арга зүйн чиглэлээр онолын мэдлэг олгохоос гадна оршин суух зөвшөөрлийн нэгдсэн гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх дадлага зохион байгуулагдана. Ингэснээр албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, нэгдсэн арга зүйг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, гадаадын иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.