Онцгой байдлын 300 алба хаагч бүх нийтийн биеийн тамирт уриалав
Монгол хүний эрүүл, чанартай дундаж наслалтыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд алба хаагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг.
Үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл зан үйл, зөв дадал, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг алба хаагчид өөрсдөө хийхээс гадна бүх нийтэд уриалан өглөөний дасгалыг эхлүүллээ. Тодруулбал, өнөөдөр /2026.09.28/-ны 07:20-08:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагч Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалсан өглөөний дасгалыг хийсэн юм. Өглөөний дасгалд Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтэн хүүхдүүд болон сурагчид идэвхтэй хамрагдав.
Алба хаагчдын уриалж буй бүх нийтийн биеийн тамирын дасгалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян "Биеийн тамирын дасгал хөдөлгөөн нь зөвхөн тамирчид, спортоор хичээллэдэг хүний бэлтгэл бус, иргэн бүрийн идэвхтэй, эрүүл амьдралын дадал хэвшил болох нь чухал. Алба хаагчдын хувьд дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг аврагч, гал сөнөөгчдийн энгийн дасгал хөдөлгөөн хийдэггүй алба хаагчтай харьцуулахад гэмтэл авах эрсдэл 25-30 хувь бага, стрессийн түвшин 20-40 хувь доогуур, мөн үе мөч, нурууны гэмтлийн тохиолдол 15-25 хувь бага байдгийг олон улсын судалгаагаар тогтоосон байдаг" хэмээн онцолсон.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд энэ сарын 29,30-ны өдрүүдэд 07:20-08:00 цагийн хооронд хийх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.