Мэс засал болон турах тариа хэрэглэлгүйгээр 158 килограмм жин хасчээ
Их Британийн "Daily Mirror" сонинд мэдээлснээр Генри Гонсалес хэмээх эр ямар нэгэн мэс заслын оролцоо болон турах тариа хэрэглэлгүйгээр 158 килограмм жин хасаж, биеийн жингээ хоёр дахин бууруулж чадсан байна.
Гонсалес 2019 он хүртэл хамгаалалтын ажилтнаар ажилладаг байсан бөгөөд өдрийн турш бараг хөдөлгөөнгүй суудаг байв. Бага наснаасаа илүүдэл жинтэй байсан тэрбээр амралтын өдрүүдээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, дөрвөн гишүүнтэй гэр бүлийн хэрэгцээнд хүрэхүйц түргэн хоолыг ганцаараа захиалж иддэг зуршилтай байжээ. Үүний уршгаар түүний биеийн жин 30 нас хүрэхээсээ өмнө 254 килограммд хүрсэн байна.
Хэт их илүүдэл жингийн улмаас гутлаа өмсөх, зогсоход хүртэл хүндрэл учирч, бусдын тусламжтайгаар хувцасладаг болжээ. Цээжээр өвдөх, зүрхний хэм алдагдах, элэг өөхлөх, цусны даралт ихсэх болон чихрийн шижингийн урьдал нөхцөл зэрэг эрүүл мэндийн хүнд асуудлууд илэрч, залуугаараа нас барах вий гэсэн айдастай нүүр тулсан байна.
Харин өөрийн үүсгэн байгуулсан хувцасны брэндийн бизнесээ амжилттай авч явахын тулд хамгийн түрүүнд эрүүл болох ёстойгоо ухамсарласан нь өөрчлөлтийн гол хөшүүрэг болжээ.
Гонсалес ходоод жижигсгэх болон өөх соруулах мэс засал, эмийн бэлдмэлээс эрс татгалзан, хувийн дасгалжуулагч авч, өдөр бүр бэлтгэл хийж эхэлсэн байна. Түргэн хоол, согтууруулах ундааг бүрэн хасаж, тахиа, цацагт хяруул, хулд загас, будаа, хүнсний ногоо зэрэг энгийн хоолыг гэртээ өөрөө бэлтгэх болжээ. Мөн фитнесс клубийн дасгалаас гадна цэвэр агаарт урт зайд алхаж, сэтгэл зүйн эрүүл мэндээ сайжруулах зорилгоор бясалгал хийж, өдрийн тэмдэглэл хөтлөн, аудио ном сонсож хэвшсэн байна.
Хичээл зүтгэлийнхээ үр дүнд Гонсалес 96 килограмм жинтэй болж, эрүүл бие галбиртай болжээ. "Хэрэв чи алхаж чаддаг л бол өөрөө бие даан жингээ хасаж чадна" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн тэрбээр цаашид ч дасгал хөдөлгөөн, зөв хооллолтын дэглэмээ чанд сахихаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж:
• zakon.kz
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.