Саудын Араб нийлүүлэлтийн шинэ гарц санал болгосноор газрын тосны үнэ буурлаа
Саудын Араб Ойрхи Дорнодоос газрын тос тээвэрлэх өөр хувилбарыг зах зээлд нийлүүлж эхэлснээр түүхий эдийн хомстол үүсэх эрсдэл намжиж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурлаа. Пүрэв гаргийн арилжааны эхэнд Брент маркийн газрын тосны үнэ 1.2 хувь буюу 1.24 ам.доллароор хямдарч, баррель нь 104.59 ам.долларт хүрсэн бол АНУ-ын WTI маркийн тос 1.1 хувь буюу 1.14 ам.доллароор буурч, 101.29 ам.доллар болсон байна.
Үнийн бууралтад Саудын Араб Оманы Сохар боомтын ойролцоо усан онгоц хооронд шилжүүлэн ачих замаар Азийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд нэмэлт түүхий эд нийлүүлж эхэлсэн явдал нөлөөлжээ. Үүнээс өмнө Лхагва гаргийн арилжаагаар газрын тосны хоёр гол маркийн үнэ баррель тутамдаа хэдийн гурав орчим ам.доллароор унаад байсан юм.
Зах зээлийн шинжээчид үнийн савалгаа тогтворжиход дипломат хүчин зүйлс ч нөлөөлж буйг онцолжээ. Тухайлбал, "Nissan Securities Investment" компанийн ерөнхий стратегич Хироюки Кикукавагийн тэмдэглэснээр, ирэх долоо хоногт товлогдсон АНУ болон БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө хурцадмал байдлыг намжаах чиглэлд ахиц гарна гэсэн хүлээлт газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлах шалтгаан болжээ.
Дэлхийн газрын тосны нийт урсгалын тавны нэгийг нэвтрүүлдэг Ормузын хоолойг хоёрдугаар сарын сүүлээр АНУ болон Израил Иранд цохилт өгсний дараа Ираны тал хаасан тул Янбу боомт тус улсын экспортын үндсэн гарц болоод байжээ.
Хэдийгээр үнэ тодорхой хэмжээгээр буурсан ч Ойрхи Дорнодын бүс нутаг дахь цэргийн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа тул эрсдэл өндөр хэвээр байна. Бүс нутгийн хурцадмал байдлын улмаас газрын тосны үнэ баррель тутамдаа 100 ам.доллароос дээш түвшинд хадгалагдсаар байгаа бөгөөд нийлүүлэлтийн цаашдын төлөв дэд бүтцийн нөхөн сэргээлт болон олон улсын дипломат уулзалтын үр дүнгээс шалтгаалах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.