Дорнод, Сүхбаатар аймагт ой, хээрийн түймэр гарч 5738 га талбай шатжээ
Онцгой байдлын байгууллагад 2026 оны есдүгээр сарын 14-17-ны өдрийн хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Үүнээс өнөөдөр /2026.09.17/-ийн 10:30 цагийн байдлаар нийт гурван ой, хээрийн түймрийн дуудлага мэдээллийн дагуу унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Тодруулбал, Оросын холбооны улсын нутаг Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026 оны есдүгээр сарын 08-ны 21:29 цагт сансрын хиймэл дагуулын мэдээгээр илэрсэн түймэр энэ сарын 15-ны өдрийн 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд хил давж орж ирсэн байна. Ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн дугаар анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч, нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Түүнчлэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газар ой гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 16-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтийн ГТУА 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ГТУА 28 дугаар ангийн алба хаагчид, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны албан хаагч нийт 66 алба хаагч гал түймрийн унтраах ажиллагааг зохион байгуулан 2026 оны есдүгээр сарын 16-ны 18:15 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт зургаан га орчим талбай өртөж шатсан байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум Хонгор дөрөвдүгээр баг "Улаан хонхор" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2026 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 07:20 цагт хүлээн авсан. Уг түймрийн урт нь гурван км, өргөн 500 метр тархсан, түймрийг 10:43 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтаарахаар нутгийн иргэд, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн нийт 19 иргэн, алба хаагчид ажиллаж байна.
Түймрийн эрсдэл өндөртэй энэ цаг үед иргэн бүр хариуцлагатай байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд:
-Ой, хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,
-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,
-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,
-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд анхааруулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.