🔴АН: ТӨК-уудын сүүлийн 10 жилийн үйл ажиллагаа, санхүүжилтэд Хянан шалгах түр хороо байгуулж, нээлттэй сонсгол явуулна
Ардчилсан намаас долоо хоног бүр уламжлал болгон зохион байгуулдаг "4:11" мэдээллийн цагаар цаг үеийн тулгамдсан асуудлууд болон "Төрийн өмчийн хулгай ба төсөв" сэдвээр мэдээлэл хүргэлээ.
АН-ын Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 2024 оноос хойших 65 дахь сайдаа томилохоор шийдвэрлэж байх шиг байна. Төрийн албанд газрын даргаас дээших албан тушаалтнуудыг тооцвол 2024 оноос хойш 2,430 гаруй томилгоо хийгдлээ. Төр засаг өдөр бүр сандал суудлын асуудал ярьж, шийдвэрийг маш шуурхай гаргаж байгаа мөртлөө улсын төсөв, иргэдийн амьдралыг хэлэлцэхгүй орхигдуулж байна.
Өнөөдрийн байдлаар иргэдийн өрхийн орлого таван хувиар, зарлага мөн таван хувиар буурч, хүнсний үнийн өсөлт 25 хувьд хүрсэн. Төсвийн тодотголоо баталж чадахгүй гацаж, Монголбанкнаас хэрэв энэ тодотгол батлагдвал инфляц 11.5 хувьд хүрнэ.
Ерөнхий сайд болон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарын хүлээн зөвшөөрсөн 3.5 их наяд төгрөгийн төрийн өмчийн хулгайг төсөв рүү оруулж, цалин тэтгэвэр нэмэхэд зарцуулна гэх тайлбараа тодорхой болгохыг шаардаж байна. Сүүлийн 10 жил жил бүр 3.5 их наядаар тоологдох төрийн өмчийн хөрөнгө шамшигддаг байсныг одоо төсөв рүү татаж, дахин тендер нэрээр үрэхийг зөвшөөрөхгүй. Өнгөрсөн 10 жилийн төсөв, тендертэй холбоотой мэдээллүүдээ ил тод болгохыг АН-ын зүгээс шаардаж байна гэв.
УИХ-ын гишүүн Э.Шижир:
-Төрийн өмчит компаниудын төсөв, зарцуулалтын хууль тогтоомжийн биелэлтийг шалгах зорилгоор УИХ-д Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл санаачлан, гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн.
Бид улсын төсвийг байнга ярьдаг атлаа 100 их наяд төгрөгийн балансын хөрөнгөтэй ТӨК-уудын асуудлыг орхигдуулж ирсэн. Зөвхөн 2025 оны аудитын урьдчилсан тайлангаар төрийн өмчит 96 компанид 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн байна. Харьцуулбал, 2012 оны Монгол Улсын нэгдсэн төсөв 6 их наяд төгрөг байсан юм.
Улсын төсвөөс гадна ТӨК-уудын төсөв хөрөнгийг сүүлийн 10 жил хэн захиран зарцуулж ирснийг нээлттэй болгох ёстой. Өнөөдөр ТӨК-уудад 70 орчим мянган хүн ажиллаж байна. Зөвхөн 2025 онд гэхэд л 1.8 их наяд төгрөгийн төсөл, арга хэмжээг ТӨК-уудаар дамжуулан санхүүжүүлсэн дүн мэдээ бий. Улс төрийн томилгоогоор очсон захирлууд намынхаа болон томилсон албан тушаалтнуудынхаа үйл ажиллагааг санхүүжүүлдэг гажиг тогтолцоо бүрдлээ. Монгол Улсын ДНБ-ий 74 хувийг төр өөрөө үйлдвэрлэж байна. Коммунист тогтолцоотой БНХАУ-д хүртэл төрийн өмчийн оролцоо 35 хувь байхад манай улс 74 хувьд хүрсэн нь чөлөөт бизнесийн орчныг боомилж буйн тод илрэл.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас өөрийн байрыг түрээслүүлэхдээ нэг м.кв талбайг 50 мянган төгрөгөөр өгдөг атлаа бусдаас түрээслэхдээ 170 мянган төгрөг төлдөг далд тохироо, зөрчлүүд аудитаар илэрсэн. Улсын хэмжээнд орон нутгийн өмчтэй нийлээд 647 компани үйл ажиллагаа явуулж байна. Сайд нар эрх мэдлээ зузаатгахын тулд ТӨК-уудыг яамдууддаа салган авдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Иймд УИХ-аас Хянан шалгах түр хороо байгуулж, сүүлийн 10 жилийн үйл ажиллагааг шалган нээлттэй сонсгол хийх шаардлагатай байна гэв.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Дарга нарын тоо өсөж, нийслэл болон ТӨК-ийн захирлуудын тансаглал хэрээс хэтэрлээ. 2020 онд төрийн албан хаагчдын цалингийн зардал 2.6 их наяд төгрөг байсан бол 2026 оны төсөвт 6.9 их наяд, төсвийн тодотголоор 7.6 их наяд төгрөг болохоор тусгагдсан байна. Төрийн албан хаагчийн тоо 2020 онд 170 мянга байснаас 209 мянга болж нэмэгдсэн. Үүнд удирдах албан тушаалтны тоо найман мянгаас 9,260 болж, үйлчилгээний ажилтан 10 мянгаар, гүйцэтгэх албан тушаалтан 118 мянгаас 140 мянга болж, гэрээт ажилтан 3,900-аас 5,700 болж тус тус өссөн байна.
Эгэл жирийн, үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын цалинг хангалттай нэмэхгүй атлаа дарга нарын тоог нэмэгдүүлж байна. Тухайлбал, АТГ-ын мэдүүлгээс үзэхэд Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Гантөрийн цалин 2020 онд 749 сая, 2022 онд 427 сая, 2023 онд 470 сая, 2024 онд 493 сая, 2025 онд 599 сая төгрөг болсон байна. Энэ нь сард дунджаар 50 сая төгрөгийн цалин авдаг гэсэн үг. Гэтэл тус банкны үйлчилгээ, үр ашиг үүнд нийцэж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
Мөн нийслэлийн төсвийн алдагдал долоон их наяд төгрөгөөр яригдаж, нийслэлийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнууд 10-20 сая төгрөгийн цалин авч, цэнхэр бус цагаан улсын дугаар зүүсэн албаны машинаар тансаглаж байна. Нэг дарга нь 15 туслахтай байх жишээтэй. Түүнчлэн МАН-ын сайд нар өөр хоорондоо авлигын асуудлаар маргалдаж буй бөгөөд тэд хууль хяналтын байгууллага, АТГ-т хамт очиж шалгуулах ёстой гэв.
АН-аас орон даяар өрнүүлж буй "Өөрчилье, бүтээе" үндэсний хөдөлгөөний хүрээнд одоогоор 3,600 гаруй иргэнээс санал ирсний дийлэнх нь үнийн өсөлтийг хазаарлах, мах болон өргөн хэрэглээний барааны үнэд бодитой бодлого хэрэгжүүлэхийг шаардсан байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар шинээр томилогдох хүнийг УИХ-ын чуулган болон Байнгын хороогоор хэлэлцэхэд Ардчилсан намын бүлэг оролцохгүй, гурав хоногийн завсарлага авсан тул эдгээр хуралдаануудад оролцохгүй гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.