Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Бид гэр бүлээрээ улам хүчтэй болж даваад гарна

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: Бид гэр бүлээрээ улам хүчтэй болж даваад гарна
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг Ерөнхий сайд Н.Учрал ажлаас чөлөөлснөө өчигдөр /2026.09.16/ өөрийн цахим хуудаснаа зарлав. УИХ-ын гишүүн С.Амарсайхан 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд сайдаар томилогдож байсан юм. Түүнийг ажлаа аваад удаагүй байхаас эхлэн гэр бүлтэй нь холбоотой таагүй мэдээлэл цацагдаж эхэлсэн. 
 
Удган Б.Булнай гэх эмэгтэй цахим хуудаснаа "Нэгэн сайд над дээр ирж хамаг амьдралаа ярьсан. Тэр дагавар охинтойгоо хайр сэтгэлийн холбоотой болж бүр хүүхэдтэй болжээ. Эхнэр нь сэтгэл зүйн хямралд орж сэтгэцийн эмнэлэгт очсон" гэх утгатай мэдээлэл нийтэлж, үүнд олон нийт дүргүйцэж байсан юм. Үүнд сайд болоод гэр бүлийнх нь зүгээс үгүйсгэсэн хариултууд цахим хуудсаараа дамжуулан өгсөөр байсан билээ. 
 
Улс төр бужигнаан ихтэй, үйл явдал өрнөлтэй энэ өдрүүдэд С.Амарсайхан өөрийг нь гүтгэсэн гэх Б.Булнай болон ШШГЕГ-ын даргын нэрийг дурдан хууль зүй, дотоод хэргийн яамны байран дээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Үүнд Ерөнхий сайд Н.Учрал түүнийг хүмүүсийн нэр дурдан мэдэгдэл хийсэн гэж буруутган ажлаас нь чөлөөллөө. Сайд асан С.Амарсайханы эхнэр дараах мэдэгдлийг өөрийн цахим хуудаснаа өчигдөр /2026.09.16/ нийтэлжээ. 
 
Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо: 
 
-Хэнийг ч зохион байгуулалттайгаар яаж ч бузар, гүтгэлэг доромжлолоор гутаан дэвсэлж болдог вэ гэдгийг мэдэрлээ. Бид гэр бүлээрээ зүрхээ ураал, нулимсаа залгиад, улам хүчтэй болж тэнхээтэйгээр даваад гарна. Охиныг минь гутаан доромжлохдоо хийгээгүйг хийсэн болгож, энэ хорвоод төрөөгүй хүүхдийг төрүүлж бүр ДНК шинжилгээг шаардан гүтгэхэд эх хүний хувьд тэвчээрийн хязгаар тасрах шиг болов.
 
Дараагийн увайгүй гүтгэлэг доромжлол яаж зохион байгуулагдахыг таашгүй. Дараагийнх нь хэн ч байж болох нь ээ. Та бид адилхан хүн. Нулимсны амт, сэтгэлийн өвдөлт ижилхэн. Гэхдээ цаг хугацаа бол сүү юм аа. Үнэн ялна. 
Эхийн сэтгэлээр үрийнхээ, ханийнхаа итгэл сэтгэлийг ариулъя. Санаанд үл багтам улс төрийн зохион байгуулалттай бузар гүтгэлэг Монголын бүх сайхан гэр бүлээс хол байг ээ гэжээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Дулмаа 21 цаг, 48 минут
Энэ мэдээлэл цацагдахад би огт итгээгүй... Ийм увайгүй гүтгэлэг тарааж буй хүн дорд заяанд төрсөн гуйлгачин байгаа л даа. Элит сайхан гэр бүлд атаархсан өөдгүй юмнуудын хийж буй ажил гэж бодсон шд.